Ц.Даваасамбуу
Молдав Улсад улс төр, эдийн засгийн доройтол хурдацтай явагдаж байна. Олон мянган молдавчууд мөнгө олохын тулд эх орноо орхихоос өөр аргагүйд хүрчээ. Нэг тэрбум ам.доллар буюу Молдавын ДНБ-ий наймны нэгтэй тэнцэх мөнгийг тус улсын гурван том банкнаас хулгайлсан дуулиантай хэрэг өнгөрсөн 2017 онд дэгдэж байсан билээ. Банкны системийг аврахын тулд тус улсын эрх баригчид их хэмжээний мөнгө хэвлэсний улмаас валютын ханш 20 хувиар унаж, инфляц найман хувиар өсөөд байгаа юм. Европын холбоо, Дэлхийн банк Молдавт зээл өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тус улс гаднын санхүүжилтгүйгээр 200 сая ам.долларт хүрсэн төсвийн алдагдлаа нөхөх боломжгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Эрх баригчдын ичгүүргүй байдлыг тэвчихээ байсан 100 мянга гаруй иргэн өнгөрсөн оны есдүгээр сард улсынхаа нийслэл Кишинёв хотод жагсаж байсан юм. Хотоор тараасан хуудаст “Тэд худал хэлсээр байхад бид чимээгүй байсан. Тэд хулгайлсаар байхад бид төлж байсан. Тэд биднийг ашигласаар байхад бид тэвчиж байсан. Харин одоо хангалттай” гэсэн үгс байлаа. Тус улс Европын хамгийн ядуу орны нэг бөгөөд сарын дундаж цалин 220 евро. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд болсон сонгуулийн дараа Молдавын парламент эрх барих эвсэл болон Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүй. Тус улсын Ерөнхийлөгч Игорь Додоныг дэмждэг социалистууд Молдавын Ардчилсан намыг эсэргүүцдэг “Acum” эвсэлтэй энэ сарын 8-нд тохиролцсоны эцэст эвслийн Засгийн газрыг байгуулсан билээ.
Харин Молдавын Ардчилсан нам эвслийн Засгийн газрыг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэц эрх барих эвсэл болон Засгийн газрыг хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчилсан намын гишүүн Павел Филипт Ерөнхийлөгчийн оронд парламентыг тараах зарлигт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн.
Харин тус улсын Ерөнхийлөгч Игорь Додон энэ шийдвэрийг төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах оролдлого гэж үзэж байгаа юм. Хэдийгээр Павел Филип парламентыг тарааж, дахин сонгууль явуулахаар шийдвэр гаргасан ч парламент, сөрөг хүчин эсэргүүцсэнээр одоо тус улс хоёр Ерөнхийлөгчтэй болоод байна. Европын холбоо, ОХУ, АНУ зэрэг улс болон олон улсын байгууллагууд Молдавт үүссэн хямралд түгшиж буйгаа илэрхийлээд, парламент болон шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдээд буй.Түүнчлэн тус улсын парламент улс орноо авлигад бүрэн автсан улс гэсэн тогтоол батлаад байгаа юм. Тогтоолд “Манай улсын төр, хүчний байгууллага, яам, тамгын газрууд авлигад бүрэн ууссан. Улсын өмчийг хууль бусаар хувьчлан авах, эзэмших явдал хэрээс хэтэрчээ” гэж дурдсан байна.
Молдавын парламент нь тус улсын төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдэлтэй. Хамгийн гол нь ойрын өдрүүдэд тус улсын эдийн засаг нэлээд хүндрэлтэй тулгарч болзошгүй байгаа аж. Молдавын эрх баригчид ойрын хугацаанд хээл хахуультай тэмцэх болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах асуудалд дорвитой алхам хийхгүй бол байдал улам хүндрэх гэнэ. Хэрвээ байдал энэ чигээрээ үргэлжилбэл нөхцөл байдлыг хянахын аргагүй болох аюултайг шинжээчид онцолж байна. Тиймээс Евролын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Т.Ягланд Молдавын эрх баригчдад хандан Украинаас сургамж авахыг уриалаад “Украины хямрал ард иргэд нь улс төрийн байдалд сэтгэл дундуур болсноос эхэлснийг мартаж болохгүй” хэмээжээ. Молдавчууд энэ байдлаас гарах гарц нь Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгох явдал гэж үзэж байгаа юм. Европын холбооноос гаргасан мэдэгдэлд “Украины хямрал нь эрх баригчид, ард түмний хооронд үүссэн үл итгэлцэл, сэтгэл дундуур байдлаас эхлэлтэй. Украинд болсон шиг зүйл Молдавт болох магадлалтай байна” гэжээ.
Эх сурвалж: https://en.hromadske.ua/posts/moldova-thecountry-ruled-by-one-oligar