Монгол Улсаас АНУ руу хууль бусаар борлуулахаар хил давуулсан 80 сая жилийн настай, үнэлж баршгүй үнэ цэнэтэй үлэг гүрвэлийн чулуужсан долоон олдворыг буцааж өгөхөөр болсон. Чулуужсан олдвор дунд Алиорам (Alioramus) тиранозаврын гавлын яс, Протосератопс (Protoceratops) үлэг гүрвэлийн бүрэн яс болон өндөгний үүр зэрэг маш ховор олдворууд байгаа юм.
Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх ажлыг Засгийн газрын хуралдаанаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгасан.
Уг ажлын явц хэр байгаа талаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраас тодруулахад “Динозаврын яс болон бусад олдвор маань Нью-Йорк хотод хадгалагдаж байгаа. Энэ сарын сүүлээр Монголд авчрахаар ажлын хэсэг АНУ-г зорьсон. Уг ажилд Монгол Улсаас АНУ-д суугаа элчин болон яамны төлөөлөл идэвхтэй оролцож байгаа. Наадмын дараа гэхэд Үлэг гүрвэлийн музейд хүлээлгэн олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.
Алиорам үлэг гүрвэлийн яс нь зөвхөн Монголын говиос олддог нэн ховор, гайхалтай тиранозаврын олдвор юм. АНУ-ын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ төрлийн динозаврын гавлын яс урд өмнө ийм бүтэн байдлаараа олдож байгаагүй байна. Энэхүү Алиорамын гавлын яс нь Францаас АНУ руу үлэг гүрвэлийн дууриамал яс гэх хуурамч бичигтэйгээр орж ирсэн болохыг тогтоожээ.
Монгол Улсаас үлэг гүрвэлийн араг яс гаргахыг 1924 оноос хойш хоригложээ.
“Эдгээр олдвор тус бүр нь хууль ёсны өмчлөгчөөсөө хулгайлагдсан соёлын болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой олдворууд юм” хэмээн АНУ-ын прокурор Прийт Бхарара мэдэгдсэн байдаг.