Дэлхий нарыг бүтэн тойроход 365 хоног, дэлхий тэнхэлгээ эргэхэд 24 цаг буюу нэг хоног, цагт 60 минут, минутад 60 секунд... энэ бол цаг хугацааны хэмжүүр. Дэлхий дээр оршин амьдарч буй бүхэн цаг хугацааны хуулинд захирагдаж өдөр хоног, улирал жилийг алгасна. Гэтэл Норвеги улсын нэгэн жижиг арлын оршин суугчид цаг хугацаанд захирагдахыг хүссэнгүй.
Энэ бол Sommaroy буюу Зуны арал гэсэн утгатай Норвегийн жижиг арал. Арал дээр ердөө 300 орчим уугуул оршин суугч бий. Онцлог нь арлын нутаг дэвсгэр Умард туйлын цагирагт багтдаг тул энд жил бүрийн тавдугаар сарын 18-наас долдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 69 хоногийн турш нар жаргадаггүй. Харин 11 дүгээр сараас нэгдүгээр сарын хооронд урт удаан туйлын шөнүүд үргэлжлэх тул нар бүтэн манддаггүй гэж ч ярьдаг.
Арлын оршин суугчид зуны турш шөнийг үзэлгүй нарлаг байдаг тул цаг хугацааны хэмжүүрээс татгалзсан дэлхийн анхны бүс болохоор аян өрнүүлж байна. Шөнийн хоёр цагт гадаа хүүхдүүд бөмбөг тоглож байдаг бол дөрвөн цагт усанд сэлж, байшингаа будах нь нийтлэг үзэгдэл.
Эндэхийн иргэд дэлхийн бусад оршин суугчидтай адил хоногийн 24 цагаар хязгаарлагддаггүй тул үүнийг албан ёсны болгохыг хүсчээ. Хотын захиргааны байранд цуглаж хүсэлтэд гарын үсгээ зуран Норвегийн Парламентын гишүүнтэй уулзаж санал хүсэлтээ уламжилсан байна. Аялал жуулчлал, загасчлалын салбараас амьжиргаагаа залгуулдаг оршин суугчдын хүсэлтээр цаг хугацаанаас үл хамаарах бүс болбол хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, томчуудын ажлын цагийг уян хатан нөхцөлтэйгээр өөрчлөх боломжтой юм.
Эх сурвалж: www.cnn.com