СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-18

Стандартгүй Монгол

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Монгол улсын бүх салбарт стандарт байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөхөөс нааш Монгол улс хөгжихгүй нь гэж бодогддог боллоо. Төрийн байгууллагуудад олон төрлийн стандарт байдаг боловч тэр нь зөвхөн Монголдоо үйлчилдэг, өөрсдөдөө тааруулж хийсэн, нүд хуурсан, чанаргүй, дөмөгхөн нь бий ч огт мөрддөггүй, хэн ч хэрэгсдэггүй учир бүгдийг шинээр эхлүүлмээр санж.  

Хоёр хоногийн өмнө орсон борооноор хөдөө, орон нутгийн гол замууд нь урсчихлаа. Түр зам гаргаж, зарим нь хагас сарын хугацаатайгаар ашиглалтад орохгүй боллоо. Авто замын өргөн, зузаан, тэмдэг тэмдэглээ, хашлага хаалт, түр зогсох зурвас, ус зайлуулах суваг, замын гүүрийн стандартаа шинэчлэхгүй бол энэ асуудал жилийн хэд, жилийн жилд бидний толгойг өвтгөсөөр байх болно.

Улаанбаатар хотын хувьд ч байдал хүнд. Хүчтэй орсон аадар борооноор энд тэндгүй цөөрөм үүсэж, зам нь эвдрэх ба хэдэн өдрийн дараа ёс юм шиг овон товонтой нөхөөс хийнэ. Ус зайлуулах суваг, шуудуу гэж огт үгүй. Замыг анхнаасаа тавихдаа ус зайлуулах суваг, газар доорх байгууламжийн төсвийг нь хамтад нь шийдэж, одоо мөрдөж бус стандартдаа эрс шинэчлэл хийхгүй бол үер усны асуудал ойрын хэдэн жилдээ намжихгүй. Д.Дамба-Очир мэтийн сэтгэлгүй улсыг зүхээд барагдахгүй.

Амьдрал нь туйлын ядуу, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ манай ард явдаг гэгдэн бидний гоочилдог Киргизстаны зам нь хаа олдож, толь шиг тэгшхэн, хоёр урсгалтай, хоёр эгнээ байх аж. Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, хүний толгой дээрх сүрлийг харж шогшрохоо болимоор.

Товчхондоо, замын хувьд Евро стандартын замыг болбол шууд хуулмаар байна. Хоёр урсгалтай, хоёр эгнээ замтай, тэмдэг, тэмдэглээ ойлгомжтой, нэг стандартын. Аягатай цай ч асгарах нь үгүй толигор. Тодорхой км-т амрах, түр буудаллах хэсгийг сайтар хийж өгсөн. Үе, усны аюулыг урьдчилж тооцсон.

Хүний нутгийн замын сайхныг шагших хэрнээ овон товонтой, гүвгэр гүдгэртэй, цаас шиг нимгэн замыг улсын комисс нэртэй, улсын стандартыг чухалчилсан хүмүүс хүлээгээд авчихдаг нь гайхмаар хэрэг шүү. Эдгээр хүмүүст дахин дахин ухаж, төнхөж мөнгө олох сэтгэлгээ сууснаас биш, эх орноо хөгжүүлэх сэтгэл алга гэж би хувьдаа боддог.

Хот төлөвлөлт, стандарт бүрэн алдагдсан цаг дор бид амьдарч байна. Авто зам нь хахаж, сургууль, цэцэрлэгийн ховор хомс байдал санаа зовоосоор. I, II, IV хорооллуудыг хүний хэрэгцээт бүх үйлчилгээтэй нь хамт барьж байсан тэрхүү төлөвөлөлт үгүй болж, биш гэж үү.

.

Байгалийн элдэв хүчин зүйл монгол стандартыг үгүйсгэж байна. Эрс шинэчлэл хийхийг шаардаж байна.

Стандартгүй байдал бүх зүйлээс илэрнэ. Боловсролын салбар дэлхийгээс гээгдсэнд туйлын харамсаж явдаг хүний нэг нь би. Монгол дипломыг дэлхий үнэлдэггүй нь Монголын боловсролд тавьсан дүн шүү дээ. Харвард их сургуульд элсэн орохын тулд наймдугаар ангиас нь эхлэн дөрвөн жил бэлдэх ёстой гэсэн аргачлалыг бидний хэд нь мэддэг вэ? Байгалийн ухааны өргөн мэдлэг, дор хаяж хоёр гадаад хэлтэй хүүхдүүдтэй бидний хүүхдүүд сайн ажлын байрны төлөө өрсөлддөг дэлхий ирээд удаж байна. Гэтэл?

“Монголчлох” гэж өөрсдийгөө хөөргөж, дэлхийн стандартыг үгүйсгэж байгаадаа дээр, дооргүй дүгнэлт хиймээр байна. Дэлхий даяар тогтсон ажлын дараалал, дэг журмыг өөрсдийн стандартгүй, залхуу, хойрго, үл ойшоох хандлагаараа эвдэн бусниулснаа “Монголчилчлоо. Бид ийм л сэргэлэн хүмүүс” гэж нэг, нэгнээ догиодгоо болимоор байгаа юм. Хүнсний дэлгүүрийн сүлжээ байгуулахаар ирсэн солонгосчуудтай хамтран ажилласан найз маань “Нэг юм хийх гэхээр дарааллын дагуу гүйцэтгэ гэх юм. Тэр нь залхуутай гэж. Алгасахыг хатуу хориглохыг яана” гэж ярьж байсан бол дараа таарахад “Гэхдээ тэр дарааллынх нь дагуу хийхэд шал өөр юм билээ. Аргагүй өөр стандарттай юмаа” хэмээн шагширч байж билээ. Энэ бол бид ажил хийж чаддаггүй, хийсэн бүхэн маань зөвхөн өөрсдөдөө л болдог, дэлхийн стандарт, аргачлалаас хол хоцорсны нэгээхэн жишээ юм.

Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнууд аль нэг улсын стандартыг шууд хуулан, түүнийгээ чанд баримтлан хөгжсөн байдаг юм билээ. Тухайлбал, Сингапурын боловсролын стандарт нь Английг хуулсан байдаг бөгөөд үүгээрээ дунд сургуулийн боловсролын эрэмбээрээ дэлхийд нэгдүгээрт, их, дээд сургууль төгсөгчид нь дэлхийн хаана ч ажиллаж чадаж байна. Сүүлийн үед манай урд хөрш болох БНХАУ-ын барилгын салбар стандартаа мөн Англи улсаас хуулснаар чанар, аюулгүй байдлаа дээшлүүлж чадсан тухай архитехторч найзаасаа дуулснаа энд хавчуулъя.

Англи стандарт сайн гэж хэлэх гэсэнгүй. Сайн гэж үзвэл аль ч улсаас авч болно. Хамгийн гол нь ажилд хандах хандлага, дэс дараалал, дүрэм журмыг багтаасан стандартыг нойлоос нь эхэлж, аль нэг өндөр хөгжилтэй орноос шууд хуулж, өөрчлөл хийхгүйгээр бидний өдөр тутамдаа тулгарч буй асуудлууд ирэх арав, хорин жилийн дараа ч хэвээр байх болно. Нэг, нэгнээ үгүйсгэсээр мөлийх болно.

Монгол улс минь мандан бадрах болтугай!   

  

 

    

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.