Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихаад эргэн төлөхгүй байгаа компаниудыг яаж шалгаж байгаа вэ?
-Нэр бүхий долоогоос найман компани эргэн төлөлтийн график зөрчсөн асуудал байгаа. Ингэхлээр нэгдүгээрт тухайн компаниудын зээл төлөх хугацааг сунгах уу, үгүй юу? Хоёрдугаарт, зээлийн хугацааг сунгалаа гэхэд зээлээ эргэн төлөх нөхцөл бүрдэх үү үгүй юу гэдгийг судлах шаардлагатай болж байна. Тухайлбал тухайн компанийн борлуулалтыг нь харах шаардлагатай.
“Хөтөлийн цемент” ХК, “Кью Эс Си” ХХК зэрэг компаниуд зээлээ огт төлөөгүй. Ийм компаниудыг АТГ-т шалгуулахаар шилжүүлнэ. Ер нь шилжүүлсэн гээд ойлгож болно. Харин “Эрэл” ХХК-тай бид уулзсан. Эргэн төлөлт нь графикийн дагуу явагдаагүй хэдий ч тухайн зээлийн ерөнхий зорилго нь муу байгаагүй. Дэлхийн стандартад нийцсэн блок үйлдвэрлэх болон түүнийг угсрах үйлдвэр шүү дээ. Энэ үйлдвэр стратегийн ач холбогдолтой байвал Хөгжлийн банкны мөнгөөр зээлийг нь эргэн төлүүлж, ТӨХК болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл зээлийн эргэн төлөх сунгаад харзнах уу гэдэг асуудал Засгийн газарт яригдаж байна. Гэхдээ Засгийн газар энэ шалгалтаас хойш Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больчихсон. Засгийн газраас энэ зээлийг олго, тэр зээлийг олго гэж шууд үүрэг өгөхөө больсон. Хөгжлийн банк зээлийг судлаад эргэн төлөгдөх боломжтой бол олгоно, боломжгүй бол олгохгүй байх эрхтэй болсон.
-Эргэн төлөгдөхгүй байгаа зээл бүрийг цаашид төр аваад байх юм уу?
-Ийм асуулт тавих шаардлагагүй. Ямар нэгэн байдлаар Хөгжлийн банкний зээлийг шийдвэрлэх л ёстой. Хэрвээ үнэхээр чухал ач холбогдолтой зээл байвал яагаад авч болохгүй гэж. Өнөөдөр 200 мянган айлын орон сууц барих, утааг арилгах зэрэг нийгэмд тулгамдсан асуудал байхад иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хямд орон сууцыг яагаад төр барьж болохгүй гэж. Монгол Улс АНУ-аас өөр шүү дээ. Энэ бүхнийг тооцоод Засгийн газар шийдвэрээ гаргана.
-Жастын Ш.Батхүүгийн Стандарт банкнаас авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр 40 сая ам.доллар төлж хаасан. Тэр мөнгийг одоо хэнээс авах вэ?
-Энэ асуудал журмынхаа дагуу шийдэгдсэн. Одоо харин тэр 40 сая ам.долларыг буруутай хүмүүсээр эргэн төлүүлэх ажил хууль хяналтын байгууллага дээр явж байгаа.