Авлигатай тэмцэх газраас Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар зэрэг эрүүл мэндийн салбарын 6 байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох эрсдэлийн үнэлгээг хийжээ.
Уг үнэлгээний тайланг өнөөдөр улсын төв эмнэлгийн удирдлагуудад танилцуулж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид улсын эмнэлгүүдэд байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцүүлэг хийлээ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү
“Анхан болон дунд шатны эмнэлгүүд гэхээсээ илүү гурав дахь шатлалын эмнэлэгт иргэд ихээр үйлчлүүлэхээр очсоноос үүдэн асар их дугаарлалт үүсч байгаа нь авлига авах, өгөх нөхцөл байдал бий болгож байна. Улсын эмнэлгүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмээр нөхцөл байдалтай л байна. Хүйтэн цементэн шалан дээр картон цаас дэвсээд хэвтэж байгаа сахиур хүртэл харагдаж байна. Асар их очер дараалалд орсон хүн бүхэн л түрүүлээд үзүүлчих юмсан гэх тэмүүлэлтэй болж. Энэ асуудалд ганц эмнэлгийг буруутгах боломжгүй юм. Бүр тогтолцоогоор нь бодлогын хэмжээнд өөрчилж шинэчлэх шаардлагатай байгаа. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт Монгол Улсын бүх хүнд хамаатай, амь насны асуудал яригддаг зүйл учраас тэгш хүртээмжтэй болгох ёстой” гэв.
Эмнэлгийн байгууллагын хүнд суртал, хэт их ачаалал нь нийгмийн халдварт өвчнүүд тухайлбал сүрьеэ өвчний тархалт огцом өсөх суурь шалтгаан болжээ. Түүнчлэн Улсын эмнэлэгт нэг шинжилгээ өгөхийн тулд 20-30 хоногийн дараа л үзүүлэх очер дугаар авч байгаа зэрэг нь иргэдийн төвөгшил дургүйцлийг төрүүлж, хувийн лабораториор үзүүлэх шинжлүүлэх боломжгүй хүмүүс хорт хавдар өвчнөө эрт үед нь илрүүлэх, эмчлүүлэх боломж бололцоог хязгаарлаж, улмаар амь насаа алдахад хүргэдэг шалтгаан нөхцөл болж байгаа аж.
“Статистикийн судалгаа шинжилгээний үндэсний хүрээлэн” ТББ-ын судлаач Г.Эрдэнэ
“Бид Улсын эмнэлгүүдэд үйлчлүүлж байгаа хүмүүсээс тандалт судалгаа авахад “Эмч нар уур бухимдалтай байдаг. Өвчтөнүүдээ загнадаг, эмнэлгийн шинжилгээг заавал гадны өөр эмнэлгээр хийлгэхийг тулгадаг, шаарддаг зүйл их байгааг иргэд хэлж байна. Эмч эмнэлгийн ажилтнуудад хагалгаа өгөх явдал хавтгайрчихсан. Ёс заншилын хэмжээнд хүрчихсэн байна” гэдгийг хэллээ.
Улсын эмнэлгүүдийн худалдан авах ажиллагаа нь учир дутагдалтай, эмнэлгийн хэрэгсэл эмийн худалдан авалт хийхдээ нээлттэй бус тендерээр явуулах явдал хавтгайрсан байжээ. Нээлттэй тендерээр явуулах ёстой ажлыг харьцуулалтын аргаар хийх зэрэг олон зөрчил илэрсэн байна.
Мөн Улсын эмнэлгүүдийн төлбөртэй үйлчилгээнээс олсон орлогын зарцуулалт нь хуульд нийцээгүй байгааг илрүүлжээ. Тухайлбал, Нийслэлийн “Өргөө” амаржих газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/67 дугаар тушаалын 2.7 дахь заалтад “төлбөртэй үйлчилгээнээс олсон орлогын 20 хувийг тухайн эмчид, 3 хувийг сувилагчид олгоно” гэх заалтын дагуу тус эмнэлэг 2018 оны эхний есөн сард үр хөндөлтөөс 127,630,000.00 төгрөгийн орлого олж, амбулторийн эрхлэгчдээ 12,109,900.00 төгрөг, эх барих нэг эмчид 14,038,950.00 төгрөг, нэг сувилагчид 5,040,000.00 төгрөг олгосон байжээ.