Хэрэв нохой тань руу анхааралтай гэгч нь харж байвал ямар нэг зүйл хэлэхийг хүссэн, аль эвэл анхаарал хандуулахыг шаардаж байна гэсэн үг. Энэ нь таны мэдрэмжийг удирдах овжин арга ч байж болох юм.
Судлаачид нохойн нүдийг тойрон хувьсан өөрчлөгдөх чадвартай булчингууд байдаг гэдгийг олж мэджээ. Эдгээр булчингуудын тусламжтайгаар тэд сэтгэл хөдлөл болоод ямар нэг зүйл илэрхийлэх ба тэр ч бүү хэл хүнийг ятгаж чаддаг увидастай байна.
Яг л хүүхдийнх шиг жижиг булчингийн хэсгүүд нүдийг нь тойрон байрлаж хариу үйлдэл үзүүлэх шинж чанарыг хөгжүүлдэг аж. Тиймээс гөлөгнийх шиг эелдэг зөөлөн харц нохойг гэрийн тэжээвэр амьтан болгож хүнтэй ойр дотно байхад тусалсан гэж судлаачид үзсэн байна.
Нохой хүнийг ятгаж чаддаг гэдгийг баталсан судалгаа олон ч Их Британи, Америкийн эрдэмтдийн хамтарсан энэ удаагийн судалгаагаар хүн нохойг ойлгож чаддаг харилцаа нохойн нүдэнд байдаг булчингуудаас хамааралтай байж магадгүйг харуулсан бие махбодын бүтэц талаас судалсан юм.
Түүнчлэн нохой хүнтэй адил ямар нэг зүйл илэрхийлж, өөрчлөхийг хүссэн үедээ хөмсгөө өргөх зэргээр хөдлөгөөн хийж чаддаг. Энэ хөдлөгөөн хүнд илүү их сэтгэгдэл төрүүлж тэднийг дагах сэдэл болдог. Судалгаанд оролцсон Портсмаутын их сургуулийн доктор Жулиане Каминскийн хэлснээр нохойн нүд илүү томорч, хүүхдийнхтэй төстэй болж, мөн уйтгарлаж харагддаг нь булчингийн хөдлөгөөнтэй холбоотой.
Нохой нүүрэндээ олон төрлийн хувирал илэрхийлж чаддаг нь хэдэн мянган жилийн турш хүнтэй ойр аж төрснөөс нүүр царайны булчин илүү хөгжсөн гэж судлаачид тайлбарлаж байна.
Эх сурвалж: www.bbc.com