БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ долоо хоногийн пүрэв гарагт Умард Солонгост хоёр хоногийн хугацаатай төрийн хэмжээний айлчлал хийх гэж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. 14 жилийн хугацаанд анх удаа Хятадын төрийн тэргүүн Умард Солонгост айлчилж буй явдал юм. Мөн Си Зиньпин 2012 онд албан тушаалаа хүлээж авснаас хойш Пхеньянд анх удаа хөл тавих гэж байна.
Хятадын даргын айлчлал Солонгосын хойгт тулгарсан асуудлын талаар Ким Жон Ун удирдагчтай хэлэлцэх зорилготой хэмээн төрийн мэдлийн сувгаар мэдээлжээ. Тун удахгүй буюу арваад хоногийн дараа Японы Осакад Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Си Зиньпин Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзана гэсэн хүлээлт дэлхий нийтэд байгаа юм.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун дөрвөн ч удаа Хятадад зочилсон боловч Хятадын дарга Си Зиньпин нэг ч удаа Пхеньяныг зорьж байгаагүй. Хамгийн сүүлд 2005 онд Хятадын дарга асан Ху Жинтао уирдагч Ким Чен Ирийн үед Умард Солонгост айлчилжээ.
CCTV-ын мэдээлснээр “БНХАУ-БНАСАУ-уудын харилцаа шинэ түвшинд ахиж байна. Ноён Си, Ким нар олон тал дээр санал нэгдэж харилцан зөвшилцөлд хүрсэн” гэжээ.
Умард Солонгосын хувьд АНУ-тай эхлүүлж байсан цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр зогсонги байдалд шилжсэн. Ким Жон Ун Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр ч удаа уулзсан боловч Ханойн уулзалт бүтэлгүйтсэн. Мөн Хятадын хувьд АНУ-тай худалдааны дайн эхлүүлсэн учраас харилцан татвараа өсгөж харилцаа тийм ч таатай бус байгаа. Си Зиньпин даргын энэ удаагийн айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхэд чухал алхам болно гэдэгт найдаж буйгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албанаас мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com