Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн байгуулалтын байнгын хорооны санал авч боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, 65-уулаа нийлж эцэг хуульд хүчээр өөрчлөлт хийхийг хэрхэвч хүлээн авахгүй“ гэдгээ сонгогдсоныхоо дараа хэдэнтээ илэрхийлсэн. Тэрхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхний хувилбарт Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан, тухайлбал хууль санаачлах эрх үүргийг үгүй болгосон гэх мэт заалт нэмэгдэж орох гэж байна гэсэн хардлага Ерөнхийлөгчийн Тамгын газарт төдийгүй, жирийн иргэдийн дунд байсан тул өөрийн эрх, үүргийг хязгаарлуулахыг хүсэхгүйдээ Ерөнхийлөгч ийн ярьж байна хэмээн олон хүн таамаглаж байсан.
Гэвч тэрээр өчигдөр нээгдсэн УИХ-ын намрын чуулганы нээлт дээр юунд зорьж байгаагаа ил болголоо. “Бидний хамтран босгосон өрх гэрийн минь суурь, тулгуур баганад алдаа гарч, нурах эрсдэл үүсчихээд байхад бид нурааж, шинээр суурь цутгах, бат бөх тулгуур хийхийн оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх, эрсдэл арилсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэж өнгөц засвар, будаг түрхэх төдий байдлаар өнөөг хүртэл аргалж ирсэн” нь явцгүй болж байгаа тул улстөрийн тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрлээ хэмээн мэдэгдлээ.
Төр засагтаа итгэх ард түмний итгэл НОЙЛ заасан, улстөрчид шиг хог шаар Монголд байхгүй болсон энэ цаг дор түүний мэдэгдэл “Юу билээ?” гэж олон нийтийг сэрсхийхэд хүргэж байна.
Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжилж байна хэмээн олон хүн Ерөнхийлөгчийн хэлэх гэсэн цаад санааг таалаа. УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Хаянхярваа “Монголд Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй. Гэхдээ энэ миний бодол шүү” гэж эмээнгүй хэлсэн бол УИХ-ын гишүүн БХ-ийн сайд Н.Энхболд “Манайд парламентийн засаглал бүрэн тохирно гэж би үздэг” гэж МАН-ын хөзрийг дэлгэчихлээ.
Нам хэмээх нам нийлдэг нөхдийн нэр хүнд бүрэн унасан, сонгуулиар хүссэн ч хүсээгүй ч МАНАН-гийн аль нэгийг сонгох сонголт руу сонгогчдыг тулгадаг, нийгэмд шударга бус байдалд хавтгайрсан, гурван хүн тутмын нэг нь ядуу нөхцөлд амьдарч байгаа гэхчлэн ард түмний хилэн хөдлөөд олон жил болж байгаа. Иймдээ ч хүчтэй нэг хүний засаглалтыг мөрөөдөж байгаа нэг хэсэг хүн бий. Путин, Си Зиньпин, Назарбаев нарын нэг хүнээр удирдуулаад урагшлаад байгаа орнуудын жишээг суртал ухуулгын түвшинд сайтар бэлдэн, нарийн төлөвлөгөөтэйгээр цацаж байгаа хэсэг Монголд бий болсон. Парламентийн засаглалаа төгөлдөршүүлж, сонгодог парламентийн засаглалтай болно гэж үздэг хэсгийнхэн Туркеминистаны Ерөнхийлөгчид “хага базуулсан” ард түмний дүрс бичлэгийг сөргүүлэн тарааж хөөрхийлүүлж байгаа нь ч бий.
Ерөнхийлөгчийн чуулганы нээлтэд хэлсэн үгийн цаана Үндсэн хуулийн эрс өөрчлөлтөөр яг ямар улстөрийн тогтолцоог сонгох гээд байгаа талаар олон хүн таамаг дэвшүүлж байна. Уг нь үүнийг багцаалахад нэг их хугацаа орохгүй. 2017 оныг Ерөнхийлөгчийн жил болгосон түүхч Д.Өлзийбаатар “Монголчууд” цахим түүх болон сүүлийн үед өгсөн ярилцлагууддаа “Манайх шиг хүн ам цөөтэй оронд ардчилал тохирохгүй гэдэг нь өнгөрсөн 28 жилийн хугацаанд нотлогдлоо. Судлаач хүний хувьд Ерөнхийлөгчийн юм уу, хаант-парламентийн засаглал илүүтэй тохирно гэж боддог” гэж сурталдсаныг харж болно.
Түүхч Д.Өлзийбаатар гуай Ерөнхийлөгчийн “албан ёсны” түүхч, судлаач, зөвлөх нь болчихоод байгаа. Тэрээр дээрх санаагаа батлахын тулд хаант-парламентийн засаглалтай Англи болон Японыг жишээ болгон татдаг. Монгол улс Богд хэмээх эзэн хаантай байснаар бодоход Хаант-Парламентийн засаглалыг хүлээж авах нийгмийн сэтгэлзүй огт байхгүй биш байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг шуудхан хаан болгоё гэж хэлээгүй ч судлаачийн хувьд дэвшүүлсэн хувилбар гэж хожим тайлбарлах нь гарцаагүй.
Ерөнхийлөгчийн засаглалыг шууд хүлээн авах сэтгэлзүй одоогоор монголчуудад байхгүй байгаа. Асуудлыг шуудхан ингэж зүтгүүлбэл унана. Гэвч Чингис шиг хатуу гараар “базуулах“ хүсэл сонирхол олон хүнд байгаа нь нууц биш болсон. “Базаад өгөөч” гэж хүсэж байгаагаа зарим нь тэсэхгүй илэрхийлдэг болсон. Гэвч хажуу талаас нь эрх баригч МАН “сонгодог парламент” гэсэн хувилбарыг хүчтэй сурталдах нь ойлгомжтой болчихлоо. АН ч парламентийн засаглалыг хөсөр орхиж, өөрсдийгөө гудамжинд мөнхөд хадахыг хүсэхгүй нь тодорхой. Ингэхээр дундын хувилбар болгож Хаант-парламентийн засаглалыг сонгоход олон нийтийг түлхэх нь тодорхой байна. Магадгүй, хятад маягийн коммунизм гэдэг шиг “монголжуу” Ерөнхийлөгч-Парламентийн засаглалыг ч сонгож мэдэх юм (Орос шиг бай л даа).
Чуулганы нээлтийн дараа Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай нэг л зүйлийн тухай ярьсан гэж үзэх хүмүүс байна. Ерөнхийлөгчийн цаад санаа бол Хаант-Ерөнхийлөгчийн засаглал, харин УИХ-ын даргын ярьсан шинэчлэл, өөрчлөлт бол сүүлийн хоёр жил ард нийтийн дунд санал асуулгаар асууж бэлдээд байгаа Төрийн байгуулалтын байнгын хорооны Үндсэн хуулийн төсөл гэж ойлгоход болно.