UB INN hotel & gallery ерөнхий менежер, МАСТ ВЕНЧЕР ХХК захирал У.Цолмон манай аяллын тойрог буланд оролцлоо. Тэрбээр франц хэлний орчуулагч хийн “Жуулчин” компаниас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд өөрөө аялахаасаа илүү дэлхийгээр аялагч нарыг хүлээн авдаг нэгэн юм.
Монголд ирж байгаа аялагч нарын дийлэнх нь нийгмийн дунд давхаргынхан байдаг учраас таван одтой зочид буудалд байрлах өртгийг дийлдэггүй гэнэ. Иймээс UB INN hotel & gallery буудлын хувьд гурван одтой бөгөөд гаднын жуулчид болон бизнес аялагч нарт зориулсан үйлчилгээг үзүүлдэг ажээ. Ингээд түүний ярилцлагаас аялагч та бүхэнд хэрэгтэй бодууштай зүйлсийг тоймлон хүргэж байна.
Манай улсын хувьд аялал жуучлалыг хөгжүүлэх талаар төрөл бүрийн хурал болдог ч үүний дараа ямар үр дүн гарсан тодорхойгүй байдаг. Аялал жуучлалыг хувийн компаниуд хөгжүүлж байна.
Хувь хүмүүс хувиараа гадагшаа аялах болсон. Тэр дундаа Улан-Үд, Итгэлт хамба, байгаль далай руу. Машинтайгаа аялж байгаа хүмүүсийн хувьд машиндаа унтаад газан дээрээ цай, хоолоо хийж идээд баахан дэлгүүр хэсэж байгаад яваад өгдөг.
Улан-Үдийн аялал жуучлалын газраас манай улсын иргэдэд зориулан байгаль далайн эрэг дээр бие засахгүй, хогоо хаяхгүй боловсон үйлчлүүлэх талаар монгол хэл дээр танилцуулга гаргаад ч ойлгохгүй байна хэмээн надад хэлж байсан. Өөрийгөө хүндэлдэг хүн бол ая тухаа бодоод өөрийгөө ядраахгүй амрах хэрэгтэй.
Монголчуудын бас нэг нийтлэг зүйл нь Готов явсан бол би явах ёстой. Тэрнээс юугаараа дутсан юм бэ гэх туйлшрамтгай зан.
Манайхан өөрсдийн мэддэг дуулсан зүйлс рүүгээ аялах дуртай байдаг. Манай аяллын газар Орос улс руу аяллын хөтөлбөртэй бөгөөд тэр дундаа монголчуудын мэдэхгүй мөртлөө очиж үзэх ёстой газруудыг санал болгодог. Монголчууд ээж хадан дээр очиж мөргөдөг шиг Янжинлам бурханы дүртэй Буриадын ард иргэд очиж мөргөдөг хад байдаг. Уг хад яагаад алдартай гэхлээр Янжинлам бурхан урлагийн бурхан учир урлагийнхан их очдог. Хамгийн гол нь үр хүүхэдгүй айлыг үр хүүхэдтэй болгодог. Олон буриад найз нартаа учраас асуухад нээрээ л хүүхэдтэй болгодог гэсэн байдаг. Иймд монголчууддаа зориулан уг газарт очиж мөргөх аяллыг манай компаниас зохион байгуулахаар болсон.