Япон улс 14 салбарт гадаадаас ажиллах хүч авахаа илэрхийлээд байсан бөгөөд Японы гадаад хэргийн сайдын айлчлалаар энэ асуудал хөндөгдлөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон улсад ур чадвартай ажилтан илгээх тухай хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулсан. Энэ талаар Японы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино “Японы аж ахуйн нэгж байгууллагуудаас ямар салбарт хэдэн ажиллах хүч авах талаарх хүсэлт саналд үндэслэнэ. Одоогоор Монголоос хоёр салбарт ажиллах хүч авах хүсэлт ирсэн. Нөхцлийн хувьд хоёр шалгалт авна. Япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоох шалгалт авна.
Нөгөөх нь Японд өөрийн мэргэжлээр ажиллах учраас тухайн мэргэжлийн ур чадварын шалгалт авна. Энэ хоёр шалгалтад тэнцсэн хариугаа Элчин сайдын яаманд авч очсноор визний зөвшөөрлийг гаргаж өгнө. Монголыг оролцуулаад есөн улсаас ажиллах хүч авах талаар ярьж байна. Монголын хувьд аравдугаар сараас эхний шалгалтыг авахаар төлөвлөж байна. Ирэх оноос шалгалтын тоог нэмэх байх. Авах ажилчдын тоо одоогоор тодорхойгүй байна. Ажилтан авах хүсэлтэй байгууллагуудын тоо болоод шалгалтад тэнцсэн иргэдийн тоо дүйцсэн тохиолдолд улам нарийвчлан ярилцана. Япон хэлний шалгалтын хувьд JLPT-г өгсөн ч байж болно.
Эсвэл ур чадварын зөвшөөрөл олгох шинэ хэлбэрийн шалгалт өгч болно. Япон хэлний шалгуур N4 буюу ахисан анхан шатнаас дээш байхаар заасан. Энэ нь Японд сурах хүүхдүүдийн өгдөг шалгалтын түвшин учраас тодорхой хэмжээний дүрмийн шалгалтууд орсон байдаг. Харин ажлын ур чадварын зөвшөөрөл авах гэж байгаа хүмүүсийн хувьд Японд ажиллаж, амьдрахад шаардлагатай буюу ажлаа ярилцах, тодорхой хэмжээний мэргэжлийн хэлээр ярилцах зэрэг ойлголцох түвшний хэлний мэдлэгтэй байх нөхцөл тавихаар тооцоолж байна. 14 салбарт хэлний түвшин адил байхаас гадна аль салбарт түлхүү ажиллахаас хамаарч япон хэлний мэдлэгийн түвшин харилцан адилгүй байна. Тухайлбал, сувилагчаар очих гэж байгаа эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн үг хэллэгийг мэддэг байх шаардлагатай” гэсэн мэдээллийг өглөө.