СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

600 жилийн түүхтэй өвсөөр томсон гүүр

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өмнөд Америкийн Перу улсын Куско мужид Апуримак гол урсах ажээ. Уг голыг гатлахын тулд Кесвачака гүүрээр гарах ёстой. Энэ бол 600 жилийн түүхтэй ямар ч орчин үеийн техник, автомат төхөөрөмж ашиглаагүй зөвхөн хүний гар, хүч хөдөлмөрөөр өвс томж хийсэн содон гүүр юм.

Дэлхийн өв соёлын санд өвсөөр томсон өвөрмөц явган гүүрийг 2013 онд бүртгэн авчээ. Эртний Инка соёлоос улбаатай гүүрийг жил бүр сэргээн засварлаж шинээр сольдог уламжлалтай.

 

 

Эндэхийн оршин суугчид гар нийлэн гүүр барих өвсөө томж бэлтгэдэг. Гүүрийг барих бүдүүн өвсөн олсыг эрчүүд бэлддэг ба эмэгтэйчүүд жижиг олсуудыг өвсөөр томж тусалдаг байна. Гэр бүл болгон өөрсдийн бэлдсэн өвсийг томж хандивлах уламжлал тогтжээ.

 

 

Гүүрийг бат бөх байлгах хатсан өвсийг чулуугаар цохиж зөөллөн дараа нь усанд дэвтээж сойно. Эрчүүд өвсөн гүүрийг бэхэлж байх зуур тосгоны иргэд тахиа, гахайн мах чанаж баярын зоогоо бэлдэнэ.

Хуучирч элэгдсэн гүүрийг тасдаж шинэ гүүрийг бэхэлдэг ажээ. Ингэхдээ дөрвөн бүдүүн өвсийг гишгүүр болгон сүлжиж үлдсэн хоёрыг нь шатны бариул болгон ашиглах ба эмэгтэйчүүдийн бэлдсэн жижиг олсуудаар аюулгүй байдлын үүднээс гишгүүр бариулыг холбож хүн унахааргүй болгоно.

 

 

Иймэрхүү байдлаар гурван хоногийн турш гүүрийг сэлбэх ба дөрөв дэх хоногтоо тосгон даяар дуулж хуурдан, баярын зоог хүртэж наргидаг уламжлалтай.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.