УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хууль санаачилагчид 21 аймгийн удирдлагуудтай видео хурал зохион байгуулж байна
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрөгч долоо хоногт парламент анх удаа албан ёсоор хэлэлцэж эхэлсэн билээ.
Уг хуулийн төслөөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон даяар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, олон нийтээс санал бодлыг нь авсан билээ. Энэ удаад хөдөө орон нутгийн удирдлагуудтай шууд холбогдож саналыг нь сонсож, хууль санаачлагчид тайлбар өгч байна. Учир нь Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан дөрвөн гол заалтын нэг нь "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлт" юм.
Энэ удаад оруулж буй өөрчлөлтөөр хөдөө орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн чухал зүйл заалт орж, аймаг, сум, багийн засаг дарга нарыг сонгох, томилох зарчим өөрчлөгдөх юм.
Хуульд орж буй өөрчлөлт:
Нэг.Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох:
57.2.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно.
Хоёр.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох:
59.2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.
59.3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
59.4.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.
Гурав.Бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох:
60.2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.
60.3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
60.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.