Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон аадар борооны улмаас Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үер бууж, үерийн улмаас авто зам, гурван гэр усанд автаж, долоон том хүн, зургаан хүүхэд усанд боогдсон байсныг авран хамгаалжээ.
Төв аймгийн Лүн сум үерт автах үеэр дөрвөн настай эмэгтэй хүүхэд сураггүй алга болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үерт осолдсон байсныг Онцгой байдлын бие бүрэлдэхүүн олсон байна. Түүнчлэн 53 настай эрэгтэй Сэлбэ голд унаж, осолдсон гэх мэдээлэл иржээ. Сэлбэ голын хувьд хүн осолдохоор үерлээгүй бөгөөд усны түвшин 2-4 см нэмэгдсэн байна. Ямар учраас осолдсоныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Он гарсаар улсын хэмжээнд зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт 12 хүн усанд осолджээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 10-наас завьт эргүүлийг ажиллуулж эхэлсэн байна. Ирэх өдрүүдэд дахин усархаг бороо орох тул гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын зарим газраар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байгаа.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: Энэ сарын 19-нөөс баруун аймгийн нутгаас эхэлж дулаарч эхэлнэ. Говийн аймгуудад агаарын хэм 31-36 хүрч хална. Ялангуяа энэ сарын 22-нд нутгийн зүүн хагаст 34 градус хүрнэ. Эргээд энэ сарын 20-ноос баруун аймгуудийн нутгаар үргэлжилсэн усархаг бороо орж эхэлнэ. Энэ сарын 22, 23-н хүртэл төвийн аймгуудийн нутгаар өдөртөө 28-33 градус дулаан байх бөгөөд дээрх өдрүүдэд усархаг бороо орно. Зүүн аймгуудийн зарим нутгаар энэ сарын 23-нд бороо орно.
Ялангуяа Завхан, Архангай, Хөвсгөл буюу уулархаг бүс нутгаар аянга цахилгаантай их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна. Ялангуяа Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын түвшин өнөөдрийн байдлаар 117 см нэмэгджээ.
Төв аймгийн Лүн сумын голын усны түвшин энэ сарын 16-ны байдлаар 130 см нэмэгдэн үерийн аюултай түвшин давсан бол өнөөдрийн байдлаар усны түвшин буурсан ч олон жилийн дунджийг давсан байдалтай байгаа юм.
Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.