Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумаас иргэн байгаль хамгаалагч, иргэд, малчдын төлөөллүүд улаан номонд орсон ховор амьтан болох угалз олноор үхэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Б.Даваасамбуу “Увс аймгаас байгаль хамгаалах тэмцэл хийхээр 28 хүн ирлээ. Хууль зүйн сайд, Байгаль орчны сайд, Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн гишүүдэд хандан хуулиа хэрэгжүүлэхийг шаардан ирлээ. 2016 онд Увс аймгийн Засаг даргаар сонгогдсон н.Батсайхан өөрийнхөө жолоочоор найман жил ажилласан хүнд угалз агнах эрхийг хууль бусаар өгсөн. Хууль бусаар өгсөн гэдгийг нь гурван шатны шүүх тогтоосон. Гэтэл Улсын Дээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө Засаг дарга маань хууль бус шийдвэрээ цуцалсан захирамж гаргаад шүүхийн маргааныг зогсоодог. Зогсмогц нь дахин нөгөө хууль бус шийдвэрээ гаргаж хугацаа хожин доромжилж байна” гэв.
Увс аймгийн Сагил сумын иргэн Д.Хүрэлбаатар “Увс аймгийн Засаг даргын шийдвэрээр байгаль хамгаалагч орон нутгийн хамгаалалтын нөхөрлөл “Гулзат”-ын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Манай байгууллага 2008 оноос эхлэн улсаас ямар ч цалин хөлс авахгүйгээр байгаль хамгаалах, хулгайн анчдад хяналт тавих сэргийлэх ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. Бид жилд 2-4 угалзыг хууль журмынх нь дагуу агнуулсны эцэст тоо толгойг арайхийн 1000 хүргэж, 1000 угалзны баяр хүртэл хийж байсан. Гэтэл Увс аймгийн Засаг дарга хууль бус анчдыг өөгшүүлэх зорилгоор бидний эрхийг хаан боогдуулж зөвшөөрлийг маань цуцалсан. Түүнийхээ дараа компаниудад ан агнах зөвшөөрлийг өгч байна” гэлээ.
Байгаль хамгаалагч Ч.Нямдаваа “Би 14 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Увс аймгийн Засаг дарга Батсайхан 2016 оноос эхлэн жил бүр 10 угалз агнах эрхийг олгоод агнуураас олсон орлогыг байгаль хамгаалагчдад нь өгөөгүй. Үүнээс үүдэн жилд 60-70 угалз үхдэг боллоо. Угалз агнасан мөнгөөр бид хужир марз, өвс тэжээл бэлтгэн угалзуудын бэлчээрт тавьж өгдөг байсан. Хужир тэжээлгүй болсноос үүдэн үрэгдсэн угалзуудын толгойг бид энд авчирлаа” энэ толгойг барин эсэргүүцлээ илэрхийлнэ” гэв.