Францын нийслэл Парис хот дахь Дарь эхийн сүм өнгөрсөн дөрөвдүгээр сард шатсанаас хойш олон нийтийн хөл хориод байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдөр анх удаа мөргөл үйлдэхийг зөвшөөрч үүд хаалгаа нээжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бямба гарагийн мөргөлд ердөө 30 орчим хүн оролцохыг зөвшөөрсөн байна. Мөргөлчид сүмийн шатаагүй хэсэгт орсон хэдий ч аюулгүй байдлын үүднээс хамгаалалтын малгай өмсөхийг шаарджээ.
Мөргөлийг удирдсан Парисын хамба Мишель Апетитын хэлснээр сүмд дахин олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулсан нь итгэл найдвар, талархлын бэлгэ тэмдэг болж сайхан сэтгэгдэл төрүүлж байна гэжээ.
Зөвхөн парисчуудын төдийгүй дэлхийн аялагч жуулчдын очих дуртай газар болсон Нотр Дамын сүмийг галын дараа сэргээн засварлах ажилд 850 сая евро цуглахаар болсны 80 саяыг нь өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан гэдгийг Францын Соёлын сайд мэдэгдсэн юм.
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмийн сэргээн засварлах ажлыг таван жилийн хугацаанд гүйцэтгэхээ амласан ба богино хугацаанд гүйцэтгэхээс илүү чанарыг эрхэмлэх ёстой хэмээжээ.
Эх сурвалж: www.cnn.com