Л.Ариунболор
Д.Мягмарзаяа
Өнөө цагт “Би өөрийнхөөрөө амьдарч байна” гэж ам бардам өгүүлэх залуус цөөнгүй болсон. “Үнэхээр тийм гэж үү” гэж асуувал эргэлзэх хүн олон бий. Амьдарч буй эх орныхоо сайхныг тольдолгүй гадаадын чимэгт татагдаж, тэдний амьдралаар амьдарч байгаа нь өөрийнхөөрөө амьдрах хэлбэр мөн болов уу. Биднийг ийн эргэцүүлэн бодоход хүргэсэн асуултын учгийг Гандантэгчинлэн хийдийн Их гэрт тайллаа. Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц ёс суртахууны тухай тусгайлсан лекцийг хэвлэл мэдээллийн төлөөллүүдэд айлтгав.
“Хүн бүхэн өөр өөрсдийн ямар нэгэн загварыг даган амьдардаг. Амьдрал бол тэр чигтээ загвар байдаг” гэж их хамба лам Д.Чойжамц онцлон өгүүлсэн юм. Уншигч та үүнийг гайхаж магадгүй”. Хүн аав, ээжийн загвараас суралцаж хүн болж төлөвшдөг. Тиймээс л хүн загвар дотор амьдардаг учир өөрийнхөөрөө амьдарч байна гээд эцэг эхээсээ зөрж, харийн орон руу хошуурах хэрэггүй. Буруу загвараар өсөж, суралцсан хүмүүс нийгмийн асуудлыг бий болгож байна. Өнөө үед буруу загвар нь л давамгайлж байгааг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн учирлахдаа ямар нэг хэмжээгээр загвар буруудаад байх юм бол нийгэм уруудсаар л... Загвар зөв байвал нийгэм улам зөөлөн, уянгалаг болж хоорондоо эвлэн нэгдэх болно гэсэн юм.
Үр хүүхдээ гадаадад боловсрол эзэмшүүлж, тухайн улсад нь суралцуулахыг илүүд үздэг эцэг эх олон болжээ. Сайн мэдлэг, боловсролтой ч монголчууд бидэнд байдаг эцэг, эх, ахан дүүсээ хүндэлж, ёс суртахуунтай байх чанарыг ирээдүй хойч маань гээж байна. Үхтлээ хайрлаж, юугаа ч харамлахгүй идэж уух, өмсөж зүүхийг нь хангасан ч насанд хүрээд орхиод явдаг гадаад иргэнийг эх орондоо бэлтгэж байгааг ухаарах цаг болжээ. Миний хүчээр тэд, тэдний хүчээр бид амьдарч байна гэсэн хамтач амьдралыг үүсгэхгүй биеэ тоогоод эхлэхээр ганцаараа жаргаж, бусдаараа хүндлүүлэх гэсэн буруу хандлага бий болоод байгаа.
Үүнийг хамба лам твиттерт жиргэсэн нэгэн бүсгүйн тэмдэглэлээр жишээ авсан юм. “Би өөрийнхөө хүүхдийг хамгийн өндөр зэргийн боловсролтой, хамгийн сайхан охин болгож энэ ертөнцөд жаргалтай сайхан амьдруулахын төлөө зүтгэсэн. Миний охин сайхан ч охин, сайн ч боловсрол эзэмшсэн, сайхан ч хүмүүжүүлсэн. Гэтэл болж өгсөнгүй. Би буруу боджээ. Нөхөр нь балбаад, хажуудах улсууд нь болдоггүй. Ганцхан миний охин сайн, сайхан байснаар хэзээ ч жаргахгүй. Нийгэмдээ ажиллаж, тэдгээр хүмүүсийг сайн сайхан болгож байж миний бие болоод миний охин нийгэмдээ жаргалтай сайхан амьдрах юм байна” гэсэн байж. Тэгэхлээр хувиа бодож огт болдоггүй. Нийтийн сэтгэлгээ бүгдээрээ сайхан болж байж бид өөрсдөө тэр дотор жаргадаг учиртай гэв. Тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа Америкт яг л америк, Солонгост солонгос, Японд япон, Хятадад хятадл хүүхдийг өсгөж байна.
Америкт яг л америк, Солонгост солонгос, Японд япон, Хятадад хятад л хүүхдийг өсгөж байна. Харин бид Монголдоо монгол хүүхдийг өсгөж чадахгүй америк, солонгос хүүхдүүдийг бий болгоод байна. Дүр төрх битгий хэл дотоод сэтгэл, зүрх нь монгол гэх ёс суртахуун мөн чанараа алдаж. Энэ бүгдийг засахгүй бол эцэг эхээс авсан хайр энэрлээр өөр нэгнийг хайрладаггүй тийм дорой сэтгэлгээ суух болно. Бид Монголдоо монгол хүүхэд өсгөхгүй бол өөрийн эсрэг дайсан бэлтгэж байна
Харин бид Монголдоо монгол хүүхдийг өсгөж чадахгүй америк, солонгос хүүхдүүдийг бий болгоод байна. Дүр төрх битгий хэл дотоод сэтгэл, зүрх нь монгол гэх ёс суртахуун мөн чанараа алдаж. Энэ бүгдийг засахгүй бол эцэг эхээс авсан хайраар өөр нэгнийг хайрладаггүй тийм дорой сэтгэлгээ суух болно. Бид Монголдоо монгол хүүхэд өсгөхгүй бол өөрийн эсрэг дайсан бэлтгэж байна гэдгийг санах хэрэгтэй. Д.Чойжамц миний бие Улаанбаатарын хэд хэдэн сургуулиар орж үзлээ. Зайсанд байрлах америк сургуулиар орлоо. Яг л америк хүүхдийг бий болгож байна. Тэнд монголоор ярьж байгаа нэг ч хүүхэд алга. Дараа нь “Шинэ монгол” сургуулиар ороод захиралтай нь ангиудаар явлаа. Өмнөх сургуулиас дээр юм. “Та сайн байна уу?” гээд бүгд зэрэг мэндэлнэ. Арай нэг өөр монгол үнэр үнэртэж сэтгэл тайтгарлаа. Бид энэ нийгэмд ямар ч хүүхдийг бий болгож болохоор байна” гэлээ.
Чухамдаа сонголт бидний л гарт байна. Бид энэ хэвээрээ байхгүйгээс хойш тохойг тань түшээд босгох монгол хүн хүмүүжүүлмээр юм. Д.Чойжамц хамба хүүхэд хүмүүжүүлэх аргыг товчхон өгүүлэхдээ “Ээж нь өвдөөд хэвтэж байхад аав нь миний хүү энэ эмийг ээждээ аваачаад өгчих гээд явуул. Дараа нь ээж толгой өвдөж байх үед миний хүү эм авчирч өгөөд ээж нь дорхноо эдгээд гайгүй болсон шүү гэж хэлэх хэрэгтэй. Энэ үед л хүүхэд өвдөх үед ээждээ туслах хэрэгтэй юм байна гэсэн ухаан сууж сургамж авч байх жишээний. Тиймээс иймэрхүү зарчмаар гэр бүлийн сургалтыг хийх хэрэгтэй байна” хэмээн ярилаа. Иймд эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдийнхээ үзэл бодлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Эцэг эх, гэр бүл, нийгэм байгальтайгаа харилцах харилцааг нэмэгдүүл.
Энэ үзэл бодлыг төлөвшүүлээд ирэхээр Монголыг дорд үзэх, гадаад орныг тахин шүтэх буруу хандлага арилах аж. Хүний хүнийг сайн мэт хардаг монголчуудын гэнэн байдал өөрийгөө бусдаас илүү гэж бодож, гадаа гарахдаа хүмүүст долигонож, гэртээ хаан мэт омогтой аашилдаг ёс суртахууны дутагдлыг засвал нийгэм хөгжих гэнэ. “Энэ нийгэм материалаар дутахгүй ээ. Зөвхөн зөв сэтгэлгээ, зөв хүмүүжил, зөв хандлага л дутаад байна” гэж хэлснээр хамба лам Д.Чойжамц илтгэлээ өндөрлүүлэв. Тэрбээр энэ удаагийн илтгэлээ сэтгүүлчидтэй хамтарч ажиллан иргэдэд нийгмийг зөв чигт залах түлхүүр мэдээллийг биднээр дамжуулан түгээсэн бол дараагийн удаа урлаг соёлынхонтой хамтрах тухайгаа ярив.
Бурханы шашны номыг түгээх, амьтны тусыг үйлдэх нь өчүүхэн хуврагын үүрэг, сахил санваартны үйл хэрэг учир Монголын бурхан шаншинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц “Гэгээрсэн сэтгэлээс Гэгээрсэн амьдрал” номынхоо гурав дахь хэвлэлийг дурсгалаа. Тэрбээр бурхан багшийн ариун сургаалийг олон түмэнд ухуулан сэнхрүүлсэн, сургамжлан тайлбарласан үг яриагаа өөрийн үг бүтээл байдлаар ном эмхтгэл болгох нь лам хүний ёсонд нийцэх үйл биш боловч хамаг амьтны тусын тулд, олон түмний гэгээрлийн төлөөнөө Бурхан багшийн ном сургаал, үндэсний шашин соёл суртлаа таниулах хамгийн сайн арга нь хэлсэн тайлбарласнаа ном болгон дэвтэрлэж түгээх нь чухал хэмээн итгүүлсэн сүсэгтэн олон, шавь нарынхаа хүсэлтээр эл бүтээлийг бүтээжээ. Олон түмний авгайлан нэрлэсэн “Чой хамба” буюу “Чойжамц” гуайн энэ номонд түүний түмэнд сурган, өгүүлж байсан ярилцлага, илтгэл айлдвар, шашин соёл хийгээд нийтийн ёс суртлын сэдвээр уншсан лекцүүд оржээ. Шашин ном хориотой харанхуй үеэс түмэнд дэлгэрч хөгжих хүртэл, итгэл үнэмшлийн хямралт цагаас, найдвар дагуулсан цаг иртэл хамгийн эгзэгтэй үеийн шашны зүтгэлтэн, үндэсний голлох хийд, шашны төвийн тэргүүний Д.Чойжамцын энэ ном олон түмний мэдлэг, мэлмийд ач тусаа өгөх буй за.