Ц.Даваасамбуу
Венесуэльчүүд эх орноосоо дүрвэн гарсаар байна.Тэдний олонх нь Колумб, Эквадор, Перу болон Бразил руу дүрвэж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт 6000 венесуэль Эквадор руу гарсан нь жирийн өдрүүдийнхээс гурав дахин их тоо аж. НҮБын мэдээлж буйгаар, 2015 оноос хойш дөрвөн сая гаруй хүн Венесуэлийг орхин гарчээ. Өнгөрсөн онд л гэхэд 1.5 сая хүн дүрвэн гарсан бөгөөд дэлхийн хаана ч ийм олон хүн ганцхан жилийн дотор улсаа орхин гарч байгаагүй аж. Сирид л гэхэд дайны 56 жилд зургаан сая хүн дүрвэсэн. Мьянмарт 10 жилд нэг сая орчим рохинжа үндэстэн дүрвэн гарсан байдаг. Одоогийн байдлаар Колумбид хамгийн олон буюу 1.3 сая венесуэль хүн байгаа бол Перуд 770 мянга орчим байгаа аж. Колумбыг зорьсон венесуэльчүүдийн олонх нь лаа, кофе зарах зэрэг зүйлс л хийдэг байна.
Венесуэлийн эрүүлийг хамгаалах систем бараг л нуран унасан аж. Хүүхдүүд хумхаа, шар өвчнөөр нас барж, эцэг эх нь ажил, хоол хүнс хайн гудамж самнах зуур хараа хяналтгүйн улмаас гэмтэж бэртэх тохиолдол өсчээ. Амиа хорлолт ч эрс нэмэгдэж, хүүхдүүдийн дунд ч үзэгдэх болжээ. Венесуэлийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах “СЕСОDAP” байгууллагын судалгаанаас үзэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд амиа хорлосон өсвөр насны хүүхдийн тоо хамгийн багадаа 18 хувиар өссөн байна. “Эрүүл мэндийн төлөөх эмч нар” байгууллагаас Венесуэлийн эрүүлийг хамгаалах салбарт явуулсан үндэсний хэмжээний судалгаагаар CAT, MRI машинуудын 95аас илүү хувь нь ажиллахгүй байгаа бол лабораторийн 43 хувь нь ажиллах боломжгүй болж, эмнэлгийн орны 33 хувь нь эвдэрчээ. Мөн нийт эмнэлгийн 51 хувь нь ажиллахгүй байгаа гэнэ. Каракас хотын дарга асан Антонио Ледезма “Венесуэльд хүмүүнлэгийн хямрал болж байна. 10 жилийн өмнө үндсээр нь устгасан өвчин дахин сэргэж, хэдэн зуун хүн улаан бурхан, сахуугаар амиа алдаж байна. Өнгөрсөн жил л гэхэд 400 мянга гаруй хүн хумхаагаар өвчилсөн. Өнөөдөр сүрьеэ өвчтэй 10 мянга гаруй хүн байна” хэмээжээ.
Мөн хорт хавдраар өвчилсөн 55 мянга гаруй хүн химийн эмчилгээ хийлгэж чадахгүй нөхцөлд байгаа бөгөөд гурван цаг тутамд нэг эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас амиа алдаж байгаа аж. Хүүхдийн болон архаг өвчин хэрэглэгддэг үндсэн антибиотикууд ч дуусчээ. Эмнэлгийн ажилтнуудын 55 гаруй хувь нь буюу эмч, сувилагчид улс орноо орхижээ. Венесуэльд үлдсэн резидент эмч нар сарын 24 ам.доллар, мэргэжилтнүүд нь 30 ам.долларын л орлого олдог байна. Венесуэлийн жилийн инфляц 2018 оны эцэс гэхэд 1.37 сая хувь буюу гиперинфляцад хүрээд буй. Үүний гол шалтгаан нь Засгийн газраас нь төсвийн алдагдлаа мөнгө хэвлэх аргаар нөхсөнөөс болсон гэж Олон улсын валютын сан үзэж байгаа юм. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус улсад инфляц 2.67 сая хувь хүрч, жилийн эцэс гэхэд хэрэглээний үнэ нь 10 сая хувиар ихсэх төлөвтэй байна гэсэн тооцооллыг дээрх байгууллагаас хийсэн. Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн Венесуэлийн эдийн засгийн урьдчилсан тооцоо өөрчлөгдөөгүй байгаа юм.
2018 онд ДНБний хэмжээ нь 18 хувиар, 2019 он гэхэд дахин 25 хувиар буурахаар байна. ДНБ нь хоёр оронтой тоогоор дөрвөн ч удаа буурлаа. Олон улсын валютын сангийн судалгаагаар сүүлийн 200 жилд 83 орон гадаад, дотоод өрөө төлж чадаагүйгээс болж дампуурлаа зарлаж байсан гэх тооцоо бий. Тэгвэл ойрын ирээдүйд дампуурлаа зарлах, санхүүгийн хүн байдалд байгаа хэд хэдэн улс байгаагийн нэг нь Венесуэль болоод байна. Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй ийм улсад хангалттай хөрөнгө, нөөц баймаар. Гэвч венесуэльчүүд Норвеги маягийн улс бүтээхээсээ илүүтэй Зөвлөлтийн байдлыг илүүд үзсэн юм. Венесуэльд өөр хаанаас ч илүүтэйгээр социализм үйлчилдэг. Тус улсын Ерөнхийлөгч асан Уго Чавес бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг утсгасан нь одоогийн хямралын гол шалтгаан хэмээн санхүүгийн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-latin-america-48644801