Өнгөрсөн баасан гаригт болсон салхины улмаас унаж эвдэрсэн шар хайсыг Улаанбаатарын хотын Захирагчийн ажлын албанд нийлүүлсэн “Даян байгаль” ХХК-ийн захирал Х.Байгальмаатай утсаар холбогдож хоёр асуултад хариулт авлаа.
-Танай компанийн оруулж ирсэн шар хайстай холбоотой асуудал маш их шуугиан дэгдээлээ?
-Бид тэр шар хайсыг оруулж ирж, нийлүүлсэн. Харин тэрийг суулгах, бэхлэх нь хотын захиргааны ажил. Тэр хайсыг тусгай хадаасаар бэхэлж суулгадаг. Муу бэхэлсэн үү, эсвэл сул тавьсан уу гэдгийг би мэдэхгүй. Бид тендерт ороод нийлүүлэх ёстой шар хайсыг нь нийлүүлсэн.
-Хятадад 88-210 юанаар зарагддаг хайсыг хотын удирдлагууд 160 мянган төгрөгөөр оруулж ирэх захиалга өгч дундаас нь их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй гэх хардлага байна л даа? Танайх яг ямар үнээр оруулж ирсэн юм бэ?
-Бид тухайн үедээ юунд, яаж оруулна гэсэн тэрүүгээр нь л оруулсан байх. Ноднингийн ажил болохоор би мартчихсан байна. Хятадын үйлдвэрүүд нэг хоёрхон үнэтэй байхгүй шүү дээ. Улсынх болон хувийн үйлдвэрийнх өөр. Бид мэдээж чанартайг нь оруулж ирсэн байх.