Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутагт өчигдөр 15.30 цагаас эхлэн орсон аадар борооны улмаас үер бууж, Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т хатуу хучилттай зам цөмөрч эвдэрчээ. Иймд Улаанбаатар хотоос баруун тийш чиглэсэн автомашины урсгал хөдөлгөөн саатаж их хэмжээний түгжрэл саатал үүсээд байна.
Үерийн ус Лүн сумын урд талын хөндийд хуралдаж, зарим айлын байшин, гэрийг живүүлэх хэмжээнд хүрсэн тул Төв аймгийн Онцгой байдлын газар, Лүн, Баянхангай сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамтран үерийн аюултай бүсээс иргэдийг шилжүүлэх авран хамгаалах ажлыг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.