Итали улсын жүжигчин Орнелла Мути аялан тоглолтоо цуцалж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, жүжигчин Кевин Костнер нартай оройн зоог барьсныхаа төлөө шоронд орж ял эдэлж магадгүй болсон гэдгээ мэдэгджээ.
2010 оны 12 дугаар сард Мути хатагтай Порденонийн Верди театрт дөрөв хоногийн турш тоглох ёстой байсан ч гурав хоногт нь өвчтэй байж, дөрөв дэх хоногтоо Санкт-Петрбург хот руу нисч хандивын гала концертод оролцсон байна. Концертын дараа Ерөнхийлөгч Путин болон арга хэмжээнд ирсэн бусад зочдын хамт үдийн зоог барьжээ.
Италийн дээд шатны шүүх уг хэргийг хамгийн анх 2015 онд хэлэлцэж эхэлсэн ба жүжигчин бүсгүйг хагас жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял болон 500 еврогийн торгууль төлж, Верди театрт учруулсан 30,000 еврогийн хохирлыг төлж барагдуулахыг шаардсан байна. Хэрэв шүүхийн шийдвэрээр торгууль, нөхөн төлбөрийг төлж барагдуулж чадахгүй бол хорих яланд унах ажээ.
Жүжигчин тухайн үед ханиад хүрч хүндээр өвдсөн нь хоолойнд нь нөлөөлж ярих тэнхэлгүй байсан учраас гэм буруугүй гэжээ. Эмч нар түүнийг тав хоногийн турш амрах хэрэгтэй гэсэн бичиг хийж өгсөн байна. Үүний дараа Оросын Ерөнхийлөгч хандивын гала тоглолтод урьжээ.
Энэ жил 64 настай жүжигчин Орнелла Мути Италид төдийгүй олон улсын кино урлагийн тавцанд нэр хүндтэй уран бүтээлч юм. Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар жүжигчин эмэгтэйд нөхөн төлбөрийг төлж барагдуулах 30 хоногийн хугацаа үлджээ.
Эх сурвалж: www.bbc.com