СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2018-10-02

Алтан гадас одонгоор шагнагдсан сургууль

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Гончигийн Бумцэндийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийг  Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнажээ.

Анх 1938 онд хоёр багш, 20 сурагчтай үүд хаалгаа нээсэн Цагаан эргийн бага сургууль 80 жилийн хугацаанд 257 бүлэгт 8200 гаруй сурагч төгсгөж, төгсөгчдөөс нь Хөдөлмөрийн баатар 3, Төрийн соёрхолт 1, гавьяат цолтон 24, УИХ-ын гишүүн 6, доктор, профессор 55, дэлхийн аварга 2, олимпийн медальтан 2 зэрэг эх орныхоо өмнө гавьяа байгуулсан олон алдартан төрөн гарсан нэр хүндтэй сургууль юм.

Монголын залуу хойч үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж олгосон Алтан гадас одонг гардуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт, тус сургуулийн 80 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Алтан гадас одон хүртээх зарлигийг уншиж сонордуулсны дараа одонг тус сургуулийн туганд ёслол, хүндэтгэлтэйгээр зүүж өгчээ.

Шагнал гардуулсны дараа тэрбээр тус сургуулийн үе, үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдэд хандан “Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны есдүгээр сарын 25-ны өдөр 134 дүгээр зарлиг гаргаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар төрөлх сургуулийнхаа амжилт бүтээл, эрдэм оюуны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өглөө. Мөн энэ хүндтэй үүргийг биелүүлэх аз завшаан тохиолдсон нь энэ сургуулийн төгсөгчийн хувьд үнэхээр нэр төрийн хэрэг болж байна. Сүхбаатар сумын Алтан гадас одонт, Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1-р сургуулийн хамт олон шилдэг төгсөгч, сайн иргэнийг бэлтгэх үйлсээрээ улс орныхоо хөгжилд улам үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.