Мексик сэтгүүлчдэд хамгийн халтай улс орнуудын нэгээр нэрлэгдээд байна. Хамгийн сүүлд 46 настай Норма Сарабиа мягмар гарагийн шөнө Табаско мужийн Хуймангилло хот дахь гэртээ харьж яваад бусдын гарт буудуулж амиа алдсан байдалтай олджээ.
2019 он гарснаас хойш зургаан сарын хугацаанд Мексикт долоон сэтгүүлч бусдад хорлогдсоны нэг нь Сарабиа юм. Түүнийг амиа алдахаас өмнө цагдаа нарын авлигын гэмт хэргийн мэдээллийг тараахгүй байх, хүчингүй болгохыг шаардсан заналхийлэл ирсэн байна.
Энэ долоо хоногт амиа алдсан сэтгүүлчийн ойрын найз Лауренсио Палма “тэр бол маш шаргуу хөдөлмөрлөдөг, бүх мэдээллийг хамгийн түрүүнд авдаг шилдэг сэтгүүлч байсан” хэмээн цахим хуудсанд өгүүлжээ. Мексик улсын хүний эрхийн байгууллагаас Сарабиа 2000 он гарснаас хойш бусдад алуулсан 149 дэх сэтгүүлч гэжээ.
Норма Сарабиаг буудаж хөнөөснөөс хойш 12 цагийн дараа Мексикийн өөр нэг сэтгүүлчийг хулгайлсан хэрэг гарав. Азаар төд удалгүй эрх баригчид сэтгүүлчийг эсэн мэнд сулласан талаар мэдээлжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Лопез Обрадор хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж хамгаалахаа сонгогчдынхоо өмнө амлаж тангараг өргөсөн боловч түүнийг ажлаа хүлээж авснаас хойш хэдий нь 10 сэтгүүлч амиа алдсан нь шүүмжлэл дагуулж байна.
Эх сурвалж: www.theguardian.com