Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Эцэг хуульд гар хүрч буйтай холбогдуулан хууль батлагчид янз бүрийн байр суурь илэрхийлж эхэлсэн. Ардчилсан намын зөвлөлөөс чуулганы хуралдааныг орхин гарч, хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан бид УИХ-ын зарим гишүүдээс байр суурийг нь тодруулж байна.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Өнгөрөгч баасан гарагт бид дэгийн хууль хэлэлцэж, ҮХ хэлэлцэх үеэр ямар байр суурьтай байх вэ гэдгийг тохирсон. Гэтэл бушуу туулай борвиндоо баастай болчихлоо. Эцийн найруулгаа уншаагүй, төрийн мэдээлэл дээр нийтлэгдээгүй байна. Шинэчилсэн дэгийн хуулиар явж болохгүй л болчихлоо л доо. Уг нь ийм чухал хууль ярьж байхад цаг нартай, тухтай хэлэлцэх ёстой байсан. Гэхдээ ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацаа бүрдсэн үү гэвэл бүрдсэн. Цаашилбал ойрын 10-аад жилдээ боломж гарахгүй.
Ардчилсан намын зөвлөл хурлаа хаяад явчихлаа. Ийм байдлаар хэлэлцэж болохгүй, ядаж дотроо үг хэлээ ололцох ёстой биз дээ. Итгэлцэл, зөвшилцөл байх ёстой.
Надад зарчмын гурван санал байгаа. Нэгдүгээрт, Хүний эрхийг хэрэгжүүлэх механизмыг огт хөндөөгүй байна. Үндсэн хууль уг нь хүний зөрчигдөж буй эрхийг яаж хамгаалах вэ гэдгийг маш тодорхой зааж өгөх ёстой. ҮХЦ-ийн ажил шүү дээ. Хүний зөрчигдөж буй эрхийг ҮХЦ хамгаалах ёстой. Гэтэл өнгөрсөн жилүүдэд ҮХЦ дарга нарын асуудал, улс төрийн шийдвэрүүдийг хэлэлцдэг ажилтай болсон. Жирийн иргэдийнхээ асуудлыг огт авч хэлэлцэхгүй байна. Өргөн барьсан хууль дээр байхгүй байгаа учраас хэлэлцүүлгийн явцад нэмэх боломжгүй болчихлоо. Миний хувьд тэр л хамгийн чухал заалт баймаар юм шиг санагдаж байна.
Хоёрдугаарт, Орон нутгийн өөрөө удирдах ёс дээр ухралт хийжээ. Аймаг нийслэлийн хувьд сонгуулийн тогтолцоо нь сонгогдох зарчмаар, сум дүүргийн удирдлага томилогдох зарчмаар явагдана гэжээ. Ардчилсан хувьсгалаар хүрсэн нэг том алхам байхгүй болжээ. Аймаг, нийслэлийн засаг дарга нарын хармаанд байдаг хүмүүсийг баг, сумын засаг даргаар томилох нь л дээ. Шат шатандаа өөр өөр байдалтай байх нь.
Гуравдугаарт, Парламентийн сонгодог тогтолцоо бол хүчтэй гүйцэтгэх засаглалтай байх ёстой. Гэтэл энэ хүчтэй гүйцэтгэх засаглалд хариуцлага тооцох механизм алга. УИХ дотор "Төр хяналтын түр хороо" байна гэсхийж зохицуулжээ. Улс төрийн эрх ашигт үйлчлэх л түр хороо болно шүү дээ. Хэдийгээр төр хяналтын тогтолцоо байлаа ч гэсэн энэ шүүхийн шийдвэр биш шүү дээ.
Гэх мэтээр эргэж харах асуудал нилээн олон байна.