Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Эцэг хуульд гар хүрч буйтай холбогдуулан хууль батлагчид янз бүрийн байр суурь илэрхийлж эхэлсэн. Ардчилсан намын зөвлөлөөс чуулганы хуралдааныг орхин гарч, хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Үүсээд буй асуудалтай холбогдуулан бид УИх-ын зарим гишүүдээс байр суурийг нь тодруулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Нэг асуудал л байна. Сөрөг хүчин сая хурлаа хаяад гараад явчихлаа. ҮХ гэдэг маань Монгол улсын үндсэн амьдралыг зохицуулж буй том хуулийн зохицуулалт шүү дээ. Ийм том зүйлд гар хүрэх гэж байгаа юм бол хоорондоо зөвшилцөж байж хийх ёстой. Магадгүй намуудын хоорондын хэлцэл хийх, ард түмний саналыг авч багцалж, өндөр түвшинд авч орж ирэх ёстой гэдэг байр суурийг би өмнө нь ч илэрхийлсэн. Ард иргэдээс оруулж гаруй 70 мянган задгай санал байна. Тэд бүгд энд багтсан уу? МАН-ын дангаараа эрх барьж байх үедээ баталсан хууль гэдэг ойлголт ард түмэнд очвол итгэл үнэмшилгүй болно. Сөрөг байр суурь үүснэ.
Монгол улсын 3 сая иргэн том итгэл хүлээж, хүлээн зөвшөөрч байж энэ хууль батлагдах ёстой. Би өөрөө энэ хуулийн ажлын хэсэгт орсон байгаа л даа. Гэхдээ жаахан өргөжүүлэх хэрэгтэй байна. Ядаж энэ парламентэд байгаа улс төрийн намууд нэг дуу хоолойтой байж хуулийг хэлэлцэх ёстой" гэлээ.
-Төрийн тэргүүн саналаа өгөөгүй. Ерөнхийлөгтэй зөвшилцөх ёстой юу?
-Зөвшилцөх ёстой байлгүй яах юм бэ. Одоо хүчин төгөлдөр байгаа төр засгийн институдиуд хоорондоо зөвшилцөл хийж байж хуулийг батлах ёстой. Иргэдийн төлөөлөл шүү дээ. Нэг хэсэг иргэдийн төлөөлөл энд оролцохгүй байна л гэсэн үг биз дээ.