Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2019-06-14/ мэдээлэл хийж ҮХЦ улс төрийн захиалгаар ажиллаж байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэлээ
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Нарийн зохицуулалт хангаагүйгээр нэг нам олонхи гэдэгтээ дулдуйдаж учир дутмаг хууль оруулж ирлээ. Сая УИХ-ын чуулган дээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр бид байр сууриа илэрхийлсэн. Энэ төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын зөвлөл оролцох боломжгүй гэж илэрхийлээд хурлыг орхиж гарлаа. Гэхдээ бид гарлаа гээд асуудлыг орхихгүй. Бид улс төрийн шийдвэрээ өнөөдөр гаргана.
Ёс зүйгүй, эрх зүйн чадамжгүй ийм нам, УИХ эцэг хуульд гар хүрэх ёсгүй гэж үзэж байна. УИХ-д байгаа МАН-ын 64 гишүүний 50 гаруй нь ямар нэг хэлбэрээр гэмт хэрэг, зөрчилд холбогдсон. Гэтэл хууль хяналтын байгууллага шалгаж тогтоохгүй байна. Тэд хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Жишээ нь
Нэгдүгээрт, ЖДҮХС-аас эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний улсын хөрөнгийг авч, зүй бусаар ашигласан гэх мэт үйлдлүүд өнөөдөр ил тод болсон.
Хоёрдугаарт, Төрийн эсрэг онц гэмт хэрэг үйлдсэн буюу төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээ МАН-ын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тэрээр удаа дараа 60 тэрбумын схем үнэн гэдгээ хэлчихсэн. УИХ-ын 40 гишүүн яг ийм байр суурь илэрхийлж, схем зохиосон хүн хариуцлага хүлээх ёстой гээд гарын үсгээ зурж байсан.
Мөн энэ хуулийн өөрчлөлт процедурын алдаа гаргаж байна.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөс санал аваагүй,
Хоёрдугаарт, Ард түмний санал асуулгаар ҮХ-ийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл УИХ-аар нэмэлт өөрчлөлтийн асуудлыг эхлүүлчихээд дараа нь ард түмнээс санал авна гэж байна. Хуулийн хоёрдугаар шатны хэлэлцүүлгийн үеэр ард түмнээс асуух юм гэнэ. Энэ бол боломжгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Нэгэнт хэлэлцээд эхэлсэн бол эрх баригч нам өөрсдийн байр сууриар шууд батлах боломжтой байна.
Гуравдугаарт, Жендерийн эрхийг ноцтой зөрчсөн нэмэлт өөрчлөлт байна
Дөрөвдүгээрт, Шүүх эрх мэдлийн хараат бус байх зохицуулалтад халдсан заалт оруулсан байна. Ерөнхийлөгчийн томилдог шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагын томилгоог эрх баригч нам булаан авах гэж байна. Тэр байгууллагуудын халдашгүй эрхэд халдаж байна.
Иймд ҮХ-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх баригч нам олонхоороо түрээ барьж хүч түрэмгийлэх байдлаар батлахын оролдвол Ардчилсан нам байж болох бүхий л улс төрийн акцийг хийнэ. Бусад улс төрийн нам болон нийт ард түмэнтэйгээ хамтарч тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана" гэлээ.