Өнөөдөр /2019-06-14/ Гадаад харилцааны яамны гадна хэсэг залуус жагсаал хийж, дипломат албаны нэр хүндийг унагаж байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардлаа
Энэхүү жагсаалыг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн зүгээс зохион байгуулсан аж. Тэд Гадаад харилцааны сайд эх орноосоо урвасан үйлдлийг гаргасан тул огцрохыг шаардаж байна гэлээ.
Жагсаалыг зохион байгуулагч О.Чулуунбилэг
“Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын нэр хүндийг түүхэнд байгаагүйгээр дэлхий дахинд шившиг болгож хувиргалаа. Өнөөдөр олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын дипломат ажилтнууд нь хар тамхины бүлэглэлтэй хамтран ажилладаг, Монголын мал нь гоц халдварт өвчтэй, иргэд нь тэмбүүтэй гэсэн мэдээлэл цацагдаж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэл мэдээллээр өөрийгөө зөвтгөсөн мэдээлэл хийхдээ маш ноцтой зүйлийг хэлсэн. Монголын дипломат ажилтнууд хар тамхи тээвэрлэдэг байж болзошгүй асуудлыг гадны тусгай хүчнийхэнтэй хамтарч илрүүлсэн гэх зүйлийг албан ёсоор мэдэгдлээ.
Дипломат ажилтнуудаа Гадаад харилцааны сайд нь хамгаалах ёстой байтал харин ч бүр гадны тусгай хүчинтэй нийлэн барьж өгсөн үйлдэл нь эх орноосоо урвасан эрүүгийн ялтай гэмт хэрэг мөн.
Иймд Д.Цогтбаатар хариуцлагаа хүлээж сайн дураараа огцрох ёстой. Нэгэнт хийж чадахгүй байгаа юм чинь ажлаа өгчих. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хар тамхитай тэмцэж буй гэдгээ дэлхий нийтэд нотлон харуулах хамгийн эхний алхам нь Д.Цогтбаатарыг огцруулах ажил байх ёстой. Энэ хүнээс болж дэлхий даяар тархан амьдарч байгаа Монголын иргэд хохирч байна.
Хэд хоногийн өмнө ХБНГУ-ын хил гаалийн ажилтнууд УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын бүх ачааг барааг нэг бүрчлэн шалгасан байсан. Тэгэхээр жирийн иргэдийг бүр ч ихээр чангалж хохироох нь тодорхой. Д.Цогтбаатарын гарын үсгээ зурж илгээсэн ажилтнуудын үйл лайг Монголын жирийн иргэд үүрч хохирч болохгүй. Тиймээс Д.Цогтбаатар яаралтай огцрох ёстой” гэв.