Английн хөлбөмбөгийн Chelsea багийн эзэн Оросын тэрбумтан Роман Абрамович еврейчүүдийн эсрэг үзэлтэй тэмцэхэд таван сая ам.доллар хандивласан тухай Израйль дахь Еврейн агентлагаас мэдэгджээ. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг еврейчүүдийн холбоо нийгэмлэгүүдийг дэмждэг тус байгууллагад урьд өмнө ийм хэмжээний хандив тусламж өгч байгаагүй юм.
Тэрбумтан төдийгүй улс төрч, хандивлагч Абрамовичийн хөрөнгийг 13,3 тэрбум ам.доллартай дүйцнэ гэж Форбес сэтгүүлээс мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард Израйлийн давхар иргэншилтэй болсон тэрээр сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивласан байна.
Шилдэг хөлбөмбөгийн багуудын нэг Chelsea-н эзэн Абрамовичийн гэр бүл Литва улсаас гаралтай еврей үндэстнүүд юм. Герман, Их Британи, Швед, Франц зэрэг Европын улс орнуудад еврейчүүдийн эсрэг үзлийг шүүмжилж буруутгасан хөдлөгөөн эрчимтэй өрнөдөг ч олон нийтийн санал асуулгаар нийт европчуудын 1/3 нь еврейчүүдийг хомроголон устгасан талаар бараг мэддэггүй хэмээн хариулжээ.
Эх сурвалж: www.cnn.com