Х.ОЮУНБОЛД
Тамагочи. Энэ тоглоомыг 1990-ээд оныхон андахгүй мэднэ. Нэгэн үеийнхнийг байлдан дагуулсан өндгөн хэлбэртэй цахим тэжээмэл амьтныг тэжээж, унтуулан, салхилуулж амьд амьтан шиг хандах дүрэмтэй энэ тоглоомыг та бүхэн санаж байгаа байх. Сингапурын загвар зохион бүтээгч Иосиа Чуа “Манай сургуулийн хүүхдүүд бүгд тамагочитай байсан. Сургуулийнх нь хашаагаар цахим амьтан тэжээдэг тоглоомд донтсон хүүхдүүдээр дүүрэн байсан гэж дурсчээ. Харин тэднийг сургууль дээрээ авчрахыг зөвшөөрдөггүй байсан. Учир нь үүргэвчиндээ нуухыг хичээдэг байсан гэв.
Ирэх сараас худалдаанд гарах шинэ үеийн тамагочи нь өнгөний сонголт сайтай байх ажээ. Тамагочи хэмээх энэ амьтан тэжээдэг тоглоом нь өмнө нь салхилуулах, хооллох, унтуулах гэсэн функцтэй байснаас гадна эзний халамж, арчилгаа дутагдвал үхдэг байв. Харин шинээр гарах загварт шинэ функц нэмэгдсэн аж. Тухайлбал, өөр оронд амьдрах, гэр бүлээ зохиох, үр удмаа үлдээх, өөр тамагочигийн амьтныд эсвэл зочид буудалд зочлох гэсэн функцийг нэмж хөгжүүлсэн байна. АНУ дахь Бандай компанийн маркетингийн захирал Тара Бэди “Шинэ загварыг худалдаанд гарах болсонд шүтэн бишрэгчид нь их баяртай байна. Гэхдээ нэгэн үеийнхнийг байлдан дагуулсан ялангуяа, 1980-1990 оныхны билэг тэмдэг болсон тоглоом юм. Харин энэ удаа шинэ үеийнхнийг тамагочид дурлуулахыг хүсч байна” гэв. Шинэ загварын тамагочи нь 6-12 насны хүүхдүүдэд зориулагдсан. Мөн технологи сонирхдог залуучуудын анхаарлыг хангалттай татна гэж найдаж байгаа юм байна. Энэ тоглоомын мөнхийн шүтэн бишрэгч хэрэглэгч Чуа 20 жилийн дараа гарч байгаа шинэ тамагочи түүнд ямар сэтгэгдэл төрүүлэхийг мэдэхийг их хүсч байгаа гэнэ. Тэрээр “Энэ шинэ загвар нь чамд дотроо хадгалж яваа хүүхдийг чинь эргэн сануулахад туслана” гэв. Шинэ тамагочи нь 60 ам.долларын үнэтэй юм байна.
Тамагочитой холбоотой сонирхолтой баримтууд
♦ Тамагочи нь анх гарсан даруйдаа хүүхдүүдийн дуртай тоглоом болж эцэг эх, багш нар, сэтгэлзүйч нарын хооронд маргаан дэгдээсэн хэлэлцүүлгийн сэдэв болж хувирсан байна.
♦ Энэ тоглоомыг анх санаачилж бүтээсэн Японы зохион бүтээгч Аки Майта нохой эсвэл муур тэжээхийг хүсдэг байснаар тамагочиг бүтээх санааг олжээ. Мөн хүүхдүүдийг тэжээдэг амьтнаа асарч халамжлах, хариуцлагатай байлгахын тулд япон залуучуудыг оролцуулах санаагаар бүтээсэн байна. Энэ тоглоомоороо 1997 онд Нобелийн эдийн засгийн шагналыг авч байжээ.
♦ Тамагочи нь япон хэлний өндөг гэсэн утгатай тамаго, цаг гэсэн утгатай watch үгний товчлол аж.
♦ 2010 онд дэлхий даяар 76 сая гаруй тамагочи тоглоом зарагджээ. Энэ тоглоомын борлуулалт 1999 онд дээд цэгтээ хүрсэн аж. Зургаан хүүхэд бүрийн нэг нь тамагочи тоглоомтой байсан байна.
2019.6.14 БААСАН №121 (6088)