УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудал олон байсан ч энэ долоо хоногт өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ
Өчигдөр анх удаа энэ парламентийн босгоор алхаж орж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн билээ.
Тэгвэл өнөөдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэхгүй зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг нэгдсэн чуулганаар явуулах ажээ.
Энэ хуулийн төслийг өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд ярьсан бөгөөд сүүлийн хоёр жилд улс орон даяар иргэдээс санал авч, нэгтгэн эцсийн байдлаар бэлэн болсон гэж үзэж Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.