СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Би хувьдаа төрийн тэргүүнийг парламентээс сонгогддог байх нь зөв гэж үздэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байна. УИХ-ын үйл ажиллагааг илүү хариуцлагатай тодорхой болгохын тулд 75-аас доошгүй ажлын өдөр ажиллана гэдэг саналаа би өгсөн. Мөн УИХ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед хэлэлцэж байсан асуудлуудаа зогсоогоод ээлжит бус чуулган болж, ЗГ-ын асуудлаа хэлэлцээд ээлжит чуулганы асуудал хөндөгдөхгүй үргэлжлээд явна. Энэ нь УИХ хариуцсан ажлаа хийж байх ёстой гэх мэтчилэн саналаа бичгээр өгсөн. Гэтэл өгсөн саналууд ороогүй байна. Ажлын хэсэгт орж ажилласны үр дүн гарсангүй. Мөн Орхон аймгийг Эрдэнэт хот болгох асуудлыг оруулсан гэж байна. Төсөл дээр нэр зааж оруулсан юм харагдахгүй байна" гэв. 

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "О.Содбилэг гишүүн чухал чухал санал гаргасан. УИХ-ын гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгох, бүлгийн хуралдааны гишүүдийн дийлэнх нь ирсэн тохиолдолд санал дэмжигдэх, Ерөнхий сайдад нэр дэвших хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байх гэх мэтчилэн олон санал ирсэн. Энэ болгоныг ажлын хоёр дэд хэсэг хамтарч үзээд, том ажлын хэсэг рүү оруулах бололцоо муутай байна гэж үзсэн" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "1992 Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн Улаанбаатар хот нийслэл хот" гэсэн статустай байна гээд заачихсан учраас суурьшил ихтэй Дарха, Эрдэнэт гэх мэт хотууд "хот" гэсэн статустай болох боломжгүй байсан. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр аймгийн төвүүд "хот" болох боломжтой гэж зааж өгсөн. Заавал Эрдэнэт, Дархан гэсэн нэр заагаагүй ч гэсэн ийм боломж байна шүү дээ" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Бараг бүх УИХ-ын гишүүд тал талд дэд ажлын хэсгүүдэд ороод энэ хуулийн өөрчлөлт дээр ажилласан. Хэсэг бүлэг дарга нар нийлээд эцэст нь ингэж өөрсдийн сонголтоор хийчих байсан юм бол яах гэж биднийг өчнөөн сар жилээр ажиллуулсан юм бэ. Би энэ нэмэлт өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжихгүй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Би бол зарчмын хувьд Монгол улс төрийн тэргүүнээ парламентээсээ сонгодог байхыг дэмждэг хүн. Үүнийгээ дахин илэрхийлье. Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг сонгохоор цикл нь явж байгаад УИХ-тай нэг жил нэг сонгууль болж таарах нь. Энийг яаж зохицуулах юм бэ. Мөн Үндсэн хуулийн нэг зарчим Төрийн захиргааны хувьд нэгдмэл байна гэж байгаа. ИТХ-аас сонгогдсон Нийслэлийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон дүүргийн Засаг даргатай хамтарч ажиллах болох нь. ИТХ-аас сонгогдсон аймгийн Засаг дарга, ард түмнээс сонгогдсон сумын даргатай хамтарч ажиллах болох нь. Энэ Төрийн захиргааны байгууллагын нэгдмэл байх зарчмыг алдагдуулж байгаа юм бишүү. Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай оронд хэрэглэж байгаа зарчмыг тасдаад хэрэглэж байгаа юм бишүү. Үндсэн хуулийн цэцээс улстөрч хүнийг холдуулж байгаа юм байна. Энэ бол зөв" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль давхцахгүй юм байна. Сумын Засаг даргыг ард иргэдээс сонгох ч батламжлах, огцруулах эрх нь дээд шатны Засаг даргад байгаа. Тиймээс нэгдмэл байдал хангагдаж явна гэж үзэж байгаа" гэлээ. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Монголчууд өөрсдөө асуудлаа шийдэж чадна гэж бодож байна. Тиймээс олон жил ярьсан энэ өөрчлөлт оруулж ирэхээс аргагүй байна. Засгийн газар, Хууль зүйн сайдад Шүүхийн ерөнхий зөвлөлийг харъяалуулж үзсэн. Дээд шүүхийн шүүгчийг 26 байсныг 22 жил болгосон. 12 жил нэг удаа ажиллана. Цэцийн гишүүн есөн жил нэг удаа ажиллаад дахиж ажиллахгүй. Дэгийн хуулийг бид баталсан. Ерөнхийлөгчийн хоригийн хугацааг хүлээж байгаа. Тэнд асуулт асуух, үг хэлэх хугацааг сунгасан. Дараагийн хэлэлцүүлэг шинэ дэгээр явна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон. Ард нийтийн санал асуулгыг авах нь зөв. Ард түмэндээ таалагдахгүй хуулийг хэт улайран баталбал амьдралгүй болж хувирна. 1990 оны эхээр баталсан Үндсэн хууль хууль 30-аад жил болсон. Гэтэл бид энэ хуулийг өөрчлөхгүй гээд байвал 30 гаруй настай хүүхдээсээ нэг, хоёр настай хүүхдийн хийдгийг шаардаж байгаатай ялгаагүй. Төрийн дархлаагаа нэмэгдүүлэх, хариуцлага ёс суртахууныг өндөрт байлгах ёстой. Иймээс Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн байр сууриар хуулийн төслийг дэмжиж байгаа. Эцсийн дүндээ ард түмэн юу гэж шийднэ түүгээр явна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.