СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-06-13

Зүүнхараачууд Э.ЭНЭРЭЛ охины эмчилгээний зардалд зориулж номын худалдаа зохион байгуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Л.Эрдэнэсайханы охин Э.Энэрэл төрөлхийн зүрхний судасны буруу холболт оноштой нь тогтоогдож Монголынхоо сайхан сэтгэлтэй ард иргэдийн хандив тусламжтайгаар 80 сая төгрөгийн үнэтэй гурван удаагийн хагалгааг БНХАУ-д хийлгэжээ.

Ердөө ганцхан сарын амьдрах хугацаатай хэмээн оношлогдож байсан Э.Энэрэл охины хагалгаа амжилттай болсон хэдий ч хагалгааны явцад цээжний хөндийд цус алдаж,хагалгаа хүндрэн нийт 3 хагалгаа хийгдэн төлөвлөөгүй эмчилгээний зардал гарч дахин 25 сая төгрөгийг яаралтай төлөх шаардлагатай болжээ. 

Тэгвэл Мандал сумын нэгэн сайхан сэтгэлтэй иргэн машин дүүрэн ном бэлэглэж, уг номуудыг тус сумын хэсэг залуус "Номын худалдаа" зохион байгуулж зарж байгаа ажээ.

Нэг номыг мянган төгрөгөөр зарж байгаа бөгөөд зарагдсан бүх номны мөнгийг Э.Энэрэл охины эмчилгээний зардалд илгээх аж.

Манай сурвалжлах багийг өчигдөр /2019-06-12/ тус суманд очих үеэр ганцхан өдрийн дотор 1000 гаруй ном зарагдаад байсан юм.

Уг номын худалдааг зохион байгуулж байгаа Э.Бат-Үүлээс дараах тодруулгыг авлаа.

Э.Бат-Үүл Сэлэнгэ аймгийн Мандал сумын НАМЗХ-ны тэргүүлэгч

"Нийтдээ 90 сая төгрөгийн хагалгааг Э.Энэрэл охин хийлгэсэн. Мандал сум болон аймгийн сайхан сэтгэлтэй иргэдийнхээ буянаар ихэнх зардалаа олсон. Одоо 11 сая төгрөг нэн шаардлагатай байгаа.  Бид хандивын аянаа үргэлжүүлсээр байна.

Мандал сумын Хүүхдийн элч төлөөлөгч болох сайхан сэтгэлт н.Машбат ах маань бидэнд 4000 гаруй ном бэлэглэсэн. Энэхүү номоо сумынхаа иргэдэд борлуулж байна. Борлуулалтын орлого охины эмчилгээний зардалд шууд илгээгдэнэ. Одоо Э.Энэрэл охин маань ээж аавынхаа хамтаар БНХАУ-даа эмчлүүлсээр байгаа шүү дээ. Биднийг номын худалдаа хийж байх үеэр сумын маань иргэд нэмж номнуудаа бас хандивласаар байна. Үнэхээр их баяртай байна. Мандал сумын иргэддээ хандаж Э.Энэрэл охинд туслаарай, бас ном худалдан авснаар өөрийнхөө оюун ухаанд хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалж байна. 

Э.Энэрэл охин маань яг одоо хагалгаа нь маш амжилттай болж, эрчимт эмчилгээний тасгаас гараад энгийн тасагт шилжсэн байна. Нэмэлт зардал гарахгүй юм шиг байна. Одоо үлдэгдэл 11 сая төгрөгийг шийдчихвэл болно. Мөн Э.Энэрэл охины эмчилгээний зардалд томоохон дэмжлэг үзүүлсэн ЖИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ахдаа маш их баярлалаа гэдгийг хэлье" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.