Бизнесийн зөвлөгөө өгдөг AT Kearney олон улсын компанийн таамагласнаар 2040 он гэхэд дэлхийн нийт махны хэрэглээний 60 хувийг лабораторид ургуулсан болон ногоо ургамлаар үйлдвэрлэсэн махаар орлуулдаг болно гэжээ.
Ирэх 20 жилийн хугацаанд уламжлалт махны зах зээлээс үүдэж хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал хурцаар хөндөгдөж, хүмүүс амьтдын эрхийг хамгаалах талаар сэтгэл зовнисоор байх нь уг өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тус компаниас мэдэгдсэн байна.
Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг махыг үйлдвэрлэхийн тулд жилд олон тэрбум мал амьтан өсгөж их наяд орчим ам.доллар эргэлдүүлдэг. Гэвч энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж бэлчээрийн газар тариалан үгүй болсноор цаг уурын хямрал явагдаж, гол мөрөн далай тэнгис бохирдож байгааг судалсан байдаг.
Beyond Meat, Impossible Foods, Just Foods зэрэг компаниуд ургамлын гаралтай бүтээгдэхүүн ашиглаж махыг орлуулж бургер болон бусад хүнсэнд хэрэглэж байна. AT Kearney-н хэлснээр буурцаг зэрэг ногоогоор орлуулсан цагаан хоолтнуудад зориулсан мах бэлтгэхэд фирмүүд тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэжээ.
Бусад мах үйлдвэрлэгчид хиймлээр махны эсийг ургуулж жинхэнэ махтай дүйцэхүйц бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байна. Хэрэв тэгвэл мал амьтан үржүүлж, тэднийг нядалж тамлах шаардлагагүй болох юм. Ийм мах амт үнэр чанараараа ногооноос гаргаж авсан махнаас илүү тул зах зээлд давамгайлна гэж харжээ.
Байгаль дэлхийгээ хамгаалах, бие сэтгэлээ цэвэрлэх хүсэлтэй цагаан хоолтнууд, тэдний амьдралын хэв маягийг үгүйсгэх аргагүй болсон. Мөн жинхэнэ махтай адил гэхдээ лабораторид ургуулсан махыг хэрэглэх нь ан амьтны аминд гарзгүй учраас хүмүүст таалагдах нь гарцаагүй аж.
Эх сурвалж: www.theguardian.com