УИХ-ын 64 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг зургадугаар сарын 06-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж МАХН, ИЗНН, МҮАН-аас эсэргүүцэн мэдэгдэл гаргаж, мэдээлэл хийлээ.
Ардын их хурлын дэд дарга асан Ж.Гомбожав
“Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа нь цаг үеэ олоогүй асуудал. Монголчуудын нэн даруй шийдвэрлээсэй гэж хүсч байгаа олон асуудал байгаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал таг чиг байсаар дууслаа. УИХ ард түмний өмнө тулгамдаад байгаа хурц асуудлыг шийдэхгүй байх атлаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байна. УИХ-ын одоогийн бүрэлдэхүүнд бид итгэхгүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр ч удаа тараах саналыг хүргүүлж, гишүүд нь өөрсдөө ч таръя гэж ярих боллоо. 76 гишүүний 50 гаруй нь гэмт хэрэг, албан тушаал авлигын хэрэгт холбогдсон байгаа. Ийм хүмүүсээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй. Хууль журмаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө эхэлж Үндсэн хуулийн цэцэд өргөн барих ёстой байдаг. Цэц уг асуудлыг нь шүүн тунгааж үзээд УИХ-д өргөн барих ёстой юм. Гэтэл Цэцэд битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, саналыг нь авахгүйгээр өргөн барьсан нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй зүйл боллоо” гэв.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “МАХН нь улс төрийн том хүчин болохын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг нэг нам дангаараа хийхийн эсрэг байр суурьтай байгаа. 60 тэрбум төгрөгөөр төрийн эрхийг худалдан авч гарч ирсэн энэ нам Үндсэн хуульд өөрчлөлт хийх эрхгүй. МАН-аас сонгогдсон 64 гишүүнийх нь 49 нь ЖДҮДС-гаас зээл авч ард түмнийхээ боломжийг хулгайлсан шүү дээ. Үндсэн хуульд хэлбэрийн төдий өөрчлөлт оруулж, эрх мэдэлтэй байх хугацаагаа сунгах гэсэн башир өөрчлөлтийг эсэргүүцэж 17 нам нэгдээд байна” гэлээ.
ИЗНН-ын дарга Ганхуяг
“УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. МАН ард түмэн баялагтаа эзэн байх эрх зүйн зохицуулалтыг хийж чадаагүй мөртлөө Үндсэн хууль өнгөц засвар оруулахаар завдсан нь ард түмний бухимдлыг төрүүлж байна. Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн батлах асуудлаар ” МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг ард нийтээрээ дэмжиж байгаа. Харин хэзээ, хэн, ямар өөрчлөлт оруулах асуудал дээр байр суурь нэгдээгүй байна. Улс төрийн намууд дор бүрнээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслүүдээ боловсруулсан. МҮАН-ын хувьд 2009 онд өөрчлөлт оруулах төслөө боловсруулж байсан. Бидэнд цоо шинэ Үндсэн хууль хэрэгтэй болохоос биш өнгө будгийг нь өөрчилсөн жижиг өөрчлөлт хэрэггүй. Нийгмийн зөвшилцлөөр бүх талын оролцоотойгоор батлах ёстой нийгмийн гэрээг Монгол Улсын Ерөнхийлөгчдөө ч танилцуулахгүйгээр хийх гэж байгааг эсэргүүцэж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.