🔴Б.Найдалаа: Ирэх онд эрчим хүчний салбарт олигтой хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Маш бага төсөв батлагдсан
Монгол Улсын 2027 оны төсөв эцэслэн батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын төсөв, бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн тулгамдсан асуудлуудаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-УИХ-аас ирэх оны төсвийг эцэслэн баталлаа. Эрчим хүчний салбарт нийт 479 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас 261 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал байна. Харамсалтай нь, 261 тэрбум төгрөг бол Монгол Улсад тулгараад байгаа эрчим хүчний хүндрэлүүд, их засварын ажлууд, шинэ хөрөнгө оруулалт болон станц, дэд бүтцийн шугам хоолойг шинэчлэн сайжруулахад үнэхээр хангалтгүй төсөв.
Уг нь "Оюу толгой"-н ногдол ашгаар санхүүжүүлэхээр овоо дорвитой төсөв тусгагдаад явж байсан боловч холбогдох хуулийн төсөл нь буцаан татагдсан. Зарим гишүүд улс төрийн зорилгоор, үндэслэлгүйгээр улс төр хийсэнтэй холбоотойгоор татагдсанд харамсаж байна. Нэгэнт батлагдсан 261 тэрбум төгрөгийн ажлын ихэнх нь өмнө нь эхэлсэн төслүүдийн үргэлжлэл байгаа тул ирэх онд эрчим хүчний салбарт олигтой шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй гэсэн үг.
Тухайлбал, 10 аймагт хэрэгжиж байсан дулааны станцын төсөлд 350 тэрбум төгрөг төлөвлөгдөж, ирэх онд 150 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байв. Гэвч "төсвөөр хийхгүй, хөнгөлөлттэй зээлээр шийднэ, бүтэхгүй" гэж шүүмжилсээр байгаад уг төслийг унагаалаа. Үүний улмаас 10 аймгийн төсөл бүрэн зогслоо. Мөн есөн аймагт баригдаж буй станцын карказ байгааг та бүхэн мэднэ, энэ ажил ч зогссон.
Энэ мэтчилэн улс төрийн ашиг хонжоог урьтал болгож, хийх гэсэн ажлыг хойш нь татаж, гацаадаг хандлагаар хандаад байвал улс орон урагшлахгүй. Гэхдээ бид 10 аймгийн төслийг бүрмөсөн орхиж болохгүй учраас шинэ боломж, гарц гаргалгааг эрэлхийлж байна. Энэ жилийн төсөвт эрчим хүчний салбарт шинэ хөтөлбөр, төсөл бараг тусгагдаагүй тул шинэ бүтээн байгуулалт нэг их өрнөхгүй.
Шөнийн тарифтай холбоотой шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул нарийвчилсан мэдээллийг тэндээс лавласан нь зүйтэй. Зарим УИХ-ын гишүүд гарч ирээд л бүх зүйлийг шүүмжилж, гутааж, өөрийгөө тодруулах гэсэн увайгүй арга барилаар улс төр хийж байна. Бид улсаараа урагшилж, эрчим хүчний салбараа дэмжин хөрөнгө оруулах шаардлагатай байна.
Бодит нөхцөл байдал дээр 10 мянган кВт.ц-аас дээш хэрэглээтэй, асар их хэмжээний хөнгөлөлт авдаг цөөн тооны буюу 100-1500 орчим өрхийн гомдол гараад байгаа юм. Эдгээр нь том хаустай, маш их цахилгааныг үнэгүй хэрэглэж, олон түмний өмнөөс хэт давуу хөнгөлөлт эдэлж байсан айлууд. Харин нийт хөнгөлөлт эдлэх өрхийн тоо 289 мянга болж өссөн төдийгүй жирийн иргэдэд очих хөнгөлөлт нэмэгдэж, агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөө сайжирсан. Иймд шийдвэрийн нарийвчилсан тоо баримтыг ЭХЗХ-ноос авах боломжтой.
Эрчим хүчний төсөв өмнөх онтой харьцуулахад өндөр биш, харин ч буурсан үзүүлэлттэй гарсан. Төсөв боловсруулах шатанд салбарын яамнаас оруулсан саналыг хассаар байгаад багасгасан. Хэрэв "Оюу толгой"-н ногдол ашгийн хөрөнгө оруулалт тусгагдсан хэвээр үлдсэн бол төрийн бодлого эрчим хүчинд чиглэж буйг батлах байлаа. Бусад салбарын хөрөнгө оруулалттай харьцуулахад эрчим хүчний төсөв тун бага байгааг та бүхэн дор бүрнээ дүгнэж харж байгаа биз ээ.
Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалингийн тухайд энэ нь төрийн төсвөөс бус, төрийн болон хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаа, ашиг орлогоос санхүүждэг. Өнгөрсөн болон энэ онд салбарын цалинг 15 хувиар нэмэгдүүлсэн. Бусад салбартай харьцуулахад боломжийн түвшинд хадгалагдаж байна. Ирэх онд цалинг нэмэх төлөвлөгөө байгаа ч үнэ тарифтай шууд холбоотой. Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмсэн ч эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй байх бодлого барьж байгаа учраас салбарын санхүү, алдагдал хүндхэн байдалд байна.
Тавдугаар цахилгаан станц (ТЭЦ-5)-ын төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төлөвлөгөөний дагуу явж байна. Харин зургаадугаар цахилгаан станц (ТЭЦ-6)-ын хувьд "Оюу толгой"-н ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөж байсан ч төсөв нь хасагдсан тул одоохондоо уг төсөл зогссон. Бид 10 аймгийн дулааны станцын нэгэн адил өөр ямар эх үүсвэр, хувилбараар хэрэгжүүлж болох гарцыг хайж байна. Хэрэв энэ төслийг явуулахгүй бол нийслэл Улаанбаатар хот дулааны хомсдолд байсаар байна. Өнөөдөр нийслэлийн дулаан аль хэдийн улаан шугам давж, байгаа жаахан дулаанаа хувааж хэрэглэж байгаа нь байж болшгүй ноцтой асуудал юм.
Монгол Улсын эдийн засгийн хөгжил, цалин тэтгэвэр болон иргэдийн орлого өсөх суурь нь ердөө эрчим хүчний салбар. Эрчим хүчний салбар бусад салбараасаа үргэлж 2-3 жилээр түрүүлж хөгжих ёстой. Эрчим хүчиндээ хөрөнгө оруулж байж бусад салбар тэлдэг. Сумын төвд ч бай, Улаанбаатарт ч бай нэг шинэ үйлдвэр, ажлын байр нээе гэхэд цахилгаан, дулаан байхгүй бол жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжгүй.
Тиймээс улстөрчид хувийн нэр хүндээ өсгөхийн тулд улсынхаа эрх ашгийг хорлохоо больж, бодит бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Ирэх оны эрчим хүчний төсөв ийнхүү хасагдаж, маш багаар батлагдсан нь манай улстөрчдийн хариуцлагагүй үйлдэлтэй шууд холбоотой гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.