Хонконгчууд гэмт этгээдүүдийн хэргийг эх газрын Хятадын шүүх рүү шилжүүлэх хэлэлцээрээс татгалзаж эсэргүүцлийн жагсаал тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Өчигдөр хууль тогтоох зөвлөл хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах ёстой байсан ч олон арван мянган иргэний жагсаал тэмцлийн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Жагсагчдыг тараахын тулд хэв журам сахиулах цагдаа нар хиймэл сумтай буу, даралтат ус, нулимс асгаруулагч халуун чинжүүгээр шүршсэн байна.
Жагсагчид болон цагдаа нарын хооронд гарсан ширүүн мөргөлдөөний улмаас 15-66 насны 70 гаруй хүн бэртэж гэмтсэний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа юм. Худалдаа үйлчилгээний томоохон зах зээл болсон Хятадын тусгай бүсийн хууль тогтоох байгууллагыг 5,000 гаруй цагдаа бүсэлж хамгаалжээ. Хонконгийн оршин суугчдаас гадна хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо хүргэдэг Хятадын тэрсүүд үзэлтнүүд шинэ хуулийг шүүмжилж байна.
Хонконгийн шүүх шатны байгууллага Америк, Их Британи зэрэг дэлхийн 20 орчим улстай хэрэгтэн шилжүүлэх тохиролцоо хийсэн ч Бээжингийн шүүхтэй энэ талаар зөвшилцөлд хүрч байгаагүй аж.
Өнөөдөр өглөөний байдлаар Засгийн газрын хэд хэдэн байгууллагууд аюулгүй байдлын үүднээс хаалгаа барьж үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Хонконгийн гудамж талбайд эмх замбараагүй байдал газар авч оршин суугчид төдийгүй аялагч жуулчид цочролд орсон байдалтай байна. Олон мянгаараа нийлж эсэргүүцэл үзүүлсэн жагсагчид тарж бутарсан гэдгийг гадны эх сурвалжууд мэдээлэв.
Эх сурвалж: www.bbc.com