Яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очирын “Бодролын зүг” ном өнгөрсөн долоо хоногт хэвлэгдсэн даруйдаа уншигчдын эрэлттэй ном болжээ. Тэрбээр номынхоо нээлтийг магтаал, хуур, найр, сурталчилгаа гэхээсээ илүүтэй орчин үеийн жишгээр гарын үсэгтэй номын худалдааг “Монголчууд сэтгүүл”-ийн нэгдсэн редакц дээрээ зохион байгуулсан явдал номын ертөнцөд нэгэн өвөрмөц үйл явдал боллоо хэмээн уншигчид онцолж байна.
Зохиогчоос нь гарын үсэгтэй ном худалдан авсан уншигчид тухайн үедээ яруу найрагч, сэтгүүлчтэй цай, кофе уун номын тухай санал бодлоо солилцож, цаашид ямар ном гаргахаар төлөвлөж байгаа болоод “Бодролын зүг” номын тухай халуун дотно яриа өрнүүлсэн явдал олны талархал хүлээжээ. Уншигчид түүнийг ном болгоноо ингэж нээж байвал сонирхолтой, халуун дотно байдаг юм байна гэсэн талархлын үг хэлж байлаа.
Яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир нь 2018 онд “Яруусахуйн зүг” нэртэй сэтгүүл зүйн чиглэлийн номоо хэвлэн гаргаж байсан бол түүний удаах цуврал ном “Бодролын зүг” ном мөн л хөрөг, аян замын тэмдэглэл, сурвалжлага, ярилцлага, бодролуудаас нь бүрдсэн даацтай бүтээл болжээ. Сүүлийн үеийн сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлд үгүйлэгдэж буй аян замын тэмдэглэл, сэтгэгдэл, бодролууд одоо уншигчдын зүгээс өндөр үнэлэлт авсан байна.
Түүний энэхүү номын нээлтээс хойш өөрийнх нь төрөлх нутаг Дорнод аймгаас номынхоо гарын үсэгтэй худалдаа явуулаач! гэсэн хүсэлт, захиас маш их ирж байгаа тул яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир энэ сардаа багтан Чойбалсан хотод дахин номын нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ.