Харвардын их сургуулиас олон улсад хэрэгжүүлсэн арван том ажлын нэгээр шалгарсан “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Манай улс олон улсын байгууллагатай хамтран эрүүл мэндийн салбарт анх удаагаа томоохон төслийг амжилттай хэрэгжүүлэв.
Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө төслийг MHI судалгааны баг 2015-2019 оны хооронд нийслэлийн 18 сургуулийн 9,848 хүүхдийг хамруулж, сүрьеэгийн далд халдвар илрүүлэх шинжилгээ хийжээ.
Харвардын Анагаах ухааны их сургууль болон Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа “Сайн мэдээ нь монгол хүүхдүүдийн дунд сүрьеэийн халдвар бага гэсэн дүгнэлт гарсан. Учир нь дэлхийд дунджаар гурван хүний нэг нь сүрьеэгийн халдвартай гэх судалгаа байдаг. Харин судалгаанд оролцсон хүүхдүүдийн нийт 1/10 нь сүрьеэгийн халдвартай байсан. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 129 нь сүрьеэтэй гэж оношлогдож, 108 хүүхэд сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаж, эрүүл болсон.
Д амин дэм дутагдсаны улмаас хүүхэд халдварт өвчинд өртөх эрсдэл их байна гэж таамаглаж байсан нь судалгаагаар батлагдаж Д амин дэмийн дутагдлыг арилгаснаар сүрьеэгийн халдварыг бууруулах боломжтой гэсэн үр дүн гарсан
Мөн хүүхдүүд гэр бүлийн хүмүүсээс сүрьеэгийн халдвар авч байгаа тохиолдол цөөн буюу 14 хувь байсан бол ихэнх тохиолдол нь олон нийтийн газраас халдвар авсан байсан. Энэ мэдээллийг бид эрдэм шинжилгээний нотолгоонд суурилж гаргаж тавьлаа. Судалгаа маань өөрөө хүүхдийг Д амин дэмийн дутагдлаас болж сүрьеэгээр өвчилхөөс сэргийлэх байсан учраас халдваргүй 8,850 хүүхдэд 3-4 жилийн хугацаанд судалгаагаа хийсэн. Бид Д амин дэм дутагдсаны улмаас хүүхэд халдварт өвчинд өртөх эрсдэл их байна гэж таамаглаж байсан нь судалгаагаар батлагдаж Д амин дэмийн дутагдлыг арилгаснаар сүрьеэгийн халдварыг бууруулах боломжтой гэсэн үр дүн гарсан” гэсэн юм.
Тэгвэл уг судалгаагаар дараах эрсдэлүүдийг бууруулснаар нийт хүн амд сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг 27 хувиар бууруулан хамгаалах боломжтойг баталсан байна.
-Д амин дэмийн түвшинг тодорхойлох шинжилгээ хийхэд нийт хүүхдүүдийн 90 гаруй хувь нь дутагдалтай гэж гарсан. Үүнээс 53 хувь нь гүн дутагдалтай байсан бол ердөө долоо хувь нь хэвийн гэсэн үзүүлэлттэй байсан. Д аминдэмийн түвшин хэвийн хэмжээнээс доор байх нь сүрьеэгийн халдвар авах эрсдэлийг 23 хувиар нэмэгдүүлдэг. Иймд Д амин дэмийг эмчийн заавраар ууж хэрэглэх.
Эцэг, эхчүүдэд захиж хэлэхэд өрхийн болон мэргэжлийн эмчид хандан хүүхдээ заавал шинжилгээнд хамруулахгүйгээр хэдэн насны хүүхдэд ямар тунгаар яаж уулгах ёстойг заавал тодруулан хэрэглэхийг зөвлөж байна
-Хүүхдийн дэргэд тамхи татах нь халдварт өвчний эрсдэл өндөр байна гэдгийг тогтоосон учир хүүхдийнхээ дэргэд тамхи огт татахгүй байх хэрэгтэй. Дам тамхидалт буюу гэр бүлийн хэн нэгэн гишүүн гэртээ тамхи татдаг тохиолдолд сүрьеэгийн халдвар авах эрсдэл 22 хувиар нэмэгддэг.
-Хүүхдэд халдвар байна гэдэг бол том хүмүүс халдвар тараагч болж байна гэсэн үг. Тиймээс эргэн тойрны том хүмүүсээс халдварт тараах нөхцөлийг нь бууруулах хэрэгтэй. Сүрьеэгийн халдвартай хэлбэрээр өвдсөн хүнтэй хамт амьдрахад сүрьеэгийн халдвар авах эрсдэл дөрөв дахин нэмэгддэг.
-Сүрьеэ туссан хүүхдүүдийн 86 хувь нь ойрын хавьтлаас биш олон нийтийн газраас (сургууль, анги танхим) халдвар авдаг нь тогтоогдсон.
Эрдэмтэн судлаачид үнэн бодитой судалгаа шинжилгээний ажил хийлээ. Уг судалгаан дээр дүгнэн бодлого боловсруулагч нарын болон үйлдвэрлэгч нарын ажил үлдэж байгааг судалгааны тайлангийн үеэр дурдаж байлаа.
Уг судалгааг танилцуулсны дараа эцэг, эхчүүд хүүхдэдээ Д амин дэмийг хэрэглүүлэх хэрэгтэй юм байна хэмээн эмийн сангаас дур мэдэн авч хэрэглэх нь хэр зүй зохистой талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Р.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Витамин Д дутагдал гэдэг хүний дархлааг сулруулах нэг нөхцөл нь болж өгдөг. Тэгэхээр витамин Д нөхөж хэрэглэснээр дархлааг сайжруулснаар сүрьеэ болон бусад халдварт өвчин томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх боломжтой. Д амин дэмийг эмчийн зааврын дагуу тохирсон тунгаар хэрэглэх хэрэгтэй. Эцэг, эхчүүдэд захиж хэлэхэд өрхийн болон мэргэжлийн эмчид хандан хүүхдээ заавал шинжилгээнд хамруулахгүйгээр хэдэн насны хүүхдэд ямар тунгаар яаж уулгах ёстойг заавал тодруулан хэрэглэхийг зөвлөж байна. Тунг нь хэтрүүлснээр хүүхдэд тань сөрөг үр дагавартай гэдгийг санах хэрэгтэй. Архаг халдвараас сэргийлэх үүднээс витамин Д аравдугаар сараас тавдугаар сар хүртэл хэрэглэж болно. Зуны улиралд наранд чийрэгжих хэрэгтэй.