Йемен улсын Хоути босогчид Саудын Арабын баруун өмнөд мужийн нисэх буудалд пуужин харваж гэм зэмгүй 26 иргэн гэмтэж шархадсан болохыг төрийн мэдлийн мэдээллийн сувгаар дамжуулав.
Аба нисэх буудалд лхагва гарагт болсон халдлагын үеэр гэмтэж шархадсан энгийн иргэдийн дунд гурван эмэгтэй, бага насны хоёр хүүхэд байгаа юм. Хоути босогчдын эсрэг хийсэн дөрвөн жилийн тулаанд Засгийн газрын эрх баригчдад Саудын Араб улс дэмжлэг үзүүлсээр ирсэн.
2015 онд Йемен улсад бослого гарч босогчид улсын баруун хэсэгт хяналтаа тогтоосноор Ерөнхийлөгч Абдраббу Мансур Хади хил даван зугтсан билээ. Мансур Хадигийн Засгийн газрыг дахин сэргээхэд Саудын Араб улсаас гадна найман улс нэгдсэн.
НҮБ-ын мэдээлснээр багагүй хугацаанд үргэлжилсэн иргэний дайн, мөргөлдөөний улмаас 7,000 гаруй иргэн алагдаж, 11,000 хүн гэмтэж шархаджээ.
Эх сурвалж: www.bbc.com