ХААИС, ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн хамтран өнөөдөр “Мөөгний судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Мөөгний аймагт харьяаллагддаг организмууд нь хоол хүнс болохын зэрэгцээ хорт хавдарыг анагаах эмийн орц найрлагад ихээр ашиглагддаг аж. Мөөг нь хүрээлэн буй орчны бодисын солилцоо шинэчлэлтэд онцгой үүрэг гүйцэтгэдэг, байгалийг нөхөн төлжүүлэх сэргээх дархлаа болдог ургамал юм байна. Гэвч мөөгний судалгааны ажил манай улсад хоцрогдолтой байгаа учраас залуу судлаачдыг мөөгний салбарт татан оруулах, мөөгний үйлдвэрлэл эрхлэгчдэд шинжлэх ухаан, арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, байгаль дээр ургаж байгаа хүнсний мөөгийг таних, боловсруулах аргыг сурталчлах зорилгоор уг хурлыг зохион байгуулжээ.
2018 онд Монгол орны цаг уур мөөг ургах нэн таатай орчныг бүрдүүлсэн бөгөөд иргэд фэйсбүүк олон нийтийн сүлжээнд байгаль дээр ургаж байгаа мөөгний зургуудыг ихээр оруулж энэ мөөг хортой юу, хүнснийх үү гэх зэргээр хэлэлцүүлэг өрнүүлсэн учраас Монгол оронд ургаж байгаа мөөгийг иргэдэд таниулах, мөөгийг хүнсэнд зөв ашиглах соёлыг сургалт гарын авлагыг ШУА-аас хэвлэн гаргасан байна.