Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-нд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг оролцохоор эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд Монголын Бодибилдинг фитнессийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, ОУ-н шүүгч Д.Хишигдэмбэрэл нар оролцох юм. Тэрбээр бодибилдинг, фитнессийн ертөнцөд амжилтаараа цахиур хагалж яваа. Г.Угалзцэцэг өөрийн нүүр номдоо “WBPF дэлхийн аваргын тэмцээнээс гурав дахь удаагаа алт авсан. Амжилт гэдэг зөвхөн надаас шалтгаалдаггүй гэдгийг үргэлж мэдэрдэг. Би агуу их хайр, итгэл сэтгэлийн дунд амьдардаг болохоор амарч хэвтэх, залхуурах, шантарч буцах бодол хэзээ ч төрж байсангүй. Энэ удаагийн тэмцээнд ч гэсэн амжилттай сайн оролцоно. Өдрийн ихэнх цагийг бэлтгэл хийж хамт өнгөрөөдөг шавь нартаа, хамт олон, найз нартаа, үргэлж урмаар шагнаж байдаг нүүр номын найзууддаа,үлгэр авдаг ахмад тамирчид, мөр зэрэгцэн яваа бүх тамирчдадаа, сэтгэлээрээ дэмжиж байдаг монголчууддаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Надад дахиад хийх зүйл их бий. Алдвал түшээд аваарай, амжилтыг минь дэмжээд байгаарай” хэмээн бичжээ.