Uber такси үйлчилгээний компани технологийн тэргүүлэх шилдэг шийдлүүдийг нэвтрүүлж чаддагаараа онцлог. Энэ удаад нисдэг такси үйлчилгээг нэвтрүүлэх олон улсын анхны зах зээлээ сонгож олон нийтэд зарлажээ.
Австралийн Мэлбурн хотод Uber Air үйлчилгээ нэвтрэх болсноор олон улсын анхны, нийтдээ гурав дахь хот болж байна. АНУ-ын Даллас, Лос Анжелес хотууд нисдэг таксиг нэвтрүүлэх анхны хотуудаар нэрлэгдсэн юм.
Туршилтын нисдэг таксинууд 2020 онд нисч, 2023 онд албан ёсоор худалдаа үйлчилгээнд нэвтэрч иргэдийг тээвэрлэж эхэлнэ гэж компанийн зүгээс тооцоолжээ. Uber-с гадна хэд хэдэн технологийн компани нисдэг такси үйлчилгээг ирээдүйн тээвэр зуучлалд ашиглахаар ажиллаж байгаа тул агаарын замын хэт ачаалал үүсэхээс сэргийлэх хэрэгтэй гэсэн байна.
Мөн хувийн машинуудыг агаарын такси үйлчилгээнд хамруулахгүй ба энэ үйлчилгээ нь автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах сонгодог арга гэж тайлбарлаж байна. Тухайлбал Мэлбурн хотын төвөөс нисэх буудал хүртэл 19 км замыг Uber Air таксигаар ердөө 10 минутад л туулна.
Агаарын такси төслийг хэрэгжүүлэхэд НАСА, АНУ-ын арми болоод Embraer, Pipistrel Aircraft гэсэн нисэх онгоц үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна. Төв лабораторио Францын нийслэл Парис хотод нээхээ Uber такси өнгөрсөн жил мэдээлж байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com