Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, тамлаж буй бичлэгийг МҮОНТВ саяхан олон нийтэд хүргэсэн. Уг асуудлаар бид Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуайтай холбогдож тодруулахад “Ардчилсан улс оронд ийм аймар зүйл байдгийг хараад хэлэх ч үг олдохгүй нь. Ямар муухай нинжин сэтгэлгүй хүмүүс байдаг юм бэ. Хүүг минь тамлаж байгаа бичлэгийн эхний хэсгийг үзээд цааш нь үргэлжлүүлэн үзэж чадаагүй. Даралт ихсээд харвах дөхсөн. Тэр айхтар бичлэгийг МҮОНТВ-ээр үзсэн. Миний хүүг тамлан зовоосон хүмүүсийг яг тэрэн шиг нь орчинд байлгаж шийтгэх ёстой гэж бодогдож байсан. Саяхан хүүгээ очиж эргэхэд биеийнх нь байдал гайгүй болсон байна билээ. Энэ ноцтой хэрэг хэдэн сайхан шударга залуучууд төрд гарч ирсний буянаар ил болсон. Тэр залуучуудын хүний эрхийн төлөөх тэмцлийг зурагтаар үзэж, цаашид хийх ажлыг нь хараад хүлээж байна” гэв.