Дорнод Сибирийн мөнх цаст нутгаас 40,000 жилийн өмнө амьдарч байсан зэрлэг чонын толгой олсон байна. Уг толгой өнгөрсөн олон арван мянган жилийн турш хадгалагдахдаа үс, шүд нь уналгүй иржээ.
ОХУ-ын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Сахагийн Шинжлэх ухааны академийн сүүн тэжээлтэн судлалын тэнхимийн захирал Алберт Протопоповын мэдэгдсэнээр урьд өмнө хэд хэдэн хөлдсөн бэлтрэг олж байсан ч нас биенд хүрсэн чонын үлдвэр олдож байгаагүй аж.
Уг чонын зөөлөн эд гэмтэлгүй үлдсэн учир орчин цагийн дижитал технологиор гавлын дотоод бүтэц, тархийг дахин сэргээж судалгааны ажлыг үргэлжлүүлэх юм. Дэлхийн цаг уур дулаарсантай холбогдуулан Сибирийн мөнх цас хайлж энэ мэтчилэн эртний амьтдын үлдвэр олдох нь ихэсчээ.
Энэ оны эхэнд эрдэмтэд 42,000 жилийн настай хөлдсөн унага олоход цус, шээс зэрэг биеийн шингэн нь хадгалагдсан байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com