Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ олон улсын эдийн засгийн хоригт багтсан, дотоодын улс төр зөрчилтэй байгаа Иран улсад төрийн хэмжээний айлчлал хийж байна. Шинзо Абэгийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа юм.
Айлчлалын гол зорилгуудын нэг бол яах аргагүй Вашингтон, Тегераны цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй үл ойлголцол, маргааныг шийдвэрлэх гэдгийг эх сурвалж онцолсон байна. Гэвч олон улсын ажиглагчдын зүгээс Абэ энэ талаар дорвитой хувь нэмрээ оруулж чадахгүй боловуу хэмээн харж байгаа юм.
Нөгөө талаар Шинзо Абэ Тегеранд айлчилснаар сонгуулийн өмнө нэр хүндээ өсгөж, олон улсын хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэгч гэдгээ харуулахыг зорьсон хэмээн шинжээчид таамаглаж байна.
Япон улсын Ерөнхий сайд 40 гаруй жилийн хугацаанд анх удаа Иран улсад айлчилж байгаа нь энэ юм.
Шинзо Абэ айлчлалынхаа хүрээнд Ираны удирдагч Аяатолла али Хаменэй, Ерөнхийлөгч Хассан Роуани нартай биечлэн уулзахаар төлөвлөжээ. Энэ жил Иран, Япон улсууд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр улсын дипломат харилцаанаас илүүтэй Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчлаад удаагүй байхад Абэ ийнхүү Тегеранд ирсэн нь сонирхол татаж байна.
Магадгүй Япон улс Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрт зуучлагч орны үүрэг гүйцэтгэх болсонтой холбоотойг үгүйсгэх аргагүй. Абэ айлчлалынхаа өмнөх өдөр Америкийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж Ираны цөмийн хөтөлбөрийн талаар дурдсан гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.
2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрт Токио багтаж байгаагүй ч энэ нь огт нөлөөгүй гэсэн үг биш юм. Япон улс Иранаас газрын тос импортолдог орнуудын нэг. Трамп цөмийн хөтөлбөрийн гэрээнээс татгалзаж хориг тавьснаар Япон улс Вашингтоны шийдвэрийг дагаж импортоо зогсоосон.
Эх сурвалж: www.bbc.com