Ц.Дуламсүрэн
Далавчаа “дэвээд” уулнаас нисэх мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй ажээ. Шувуудад атаархам энэ мэдрэмжийг мэдрүүлсэн, ач холбогдлыг нь сурталчилсан арга хэмжээг Монгол Улсын гавьяат нисэгч Т.Сугарын нэрэмжит “Нислэг” хэт хөнгөн онгоцны хөгжлийн төв зохион байгуулдаг юм. Параглайдингийн спорт нь манай улсад хөгжөөд удаагүй ч сонирхогчдын цар хүрээ нэлээд өргөжсөн байна. Өнгөрөгч амралтын өдрөөр тус спортод хорхойссон залуус Төв аймгийн Эрдэнэ сумын Баян даваанд болсон “Sky friends-5th Annual Ulaanbaatar paragliding festival”-ийг зорив.
Унаа УДЭТ-аас хөдөлсөн бөгөөд биднийг зорьсон газарт үнэ төлбөргүй хүргэж өглөө. Зам зуур шинэхэн танилуудтайгаа дотно танилцахад тэдний дунд уулын спортоор хичээллээд 40 жил болж буй 70 настай Я.Жаргалсайхан гуай байсан юм. Тэрбээр Герман Улсад харж байсан шүхрийн спорттой эх орондоо илүүтэй сайн танилцахаар зорьсон нь энэ аж. Бид гурван цаг орчим яваад зорьсон газартаа хүрлээ. Автомашины зогсоол хэдийн дүүрчээ. Цагаан өнгийн богино цамцан дээр нь “Тэнгэрийн найзууд” гэсэн бичиг дурайх залуус биднийг угтлаа.
Цааш явбал нислэг төвийн рестораны хажууд “Автожир кавалон” гэх дөрвөн онгоц, “Дельталёт-форсаж” гэдэг хоёр онгоцыг байрлуулжээ. Онгоцнуудыг аялагч, амрагч нарт зориулж 85-400 мянган төгрөгөөр нисгэдэг гэнэ. Фестивальд ирсэн хүмүүс ч үүнийг олзуурхан хүлээн авч ээлж ээлжээрээ сууж, ниснэ. Онгоцоор нисэхээс өмнө айдастай байсан бол бууж ирээд ямар мэдрэмж авснаа найз нөхөддөө сонирхуулж заавал нисэх ёстойг ятгаж байв. Төд удалгүй нээлт эхлэх гэж байгааг зарлахад үзэгчид “Нислэг төв” гэсэн бичигтэй шар асарын сүүдрийг бараадна. Тайзанд Агаарын нислэгийн холбоо, Монголын ханглайдинг, параглайдинг нийгэмлэгийн тэргүүн нар үг хэлж өдөрлөгийг нээлээ. Энэ үед параглайдингийн тамирчид моторт шүхрээр үзүүлбэр үзүүлэв. Үзэгчид утсаа шүүрэн авч бичлэг хийж, зураг авч гарав. Гэтэл тайзны баруун талд хэсэг залуучууд газарт зурагт хуудас тавиад шаар барьжээ.
Чухам юу хийж байгааг нь сонирхон ойртож үзэхэд “Хонгороо надтай гэрлээч” гэсэн бичигтэй зурагт хуудас байв. Тэд шаартай самбараа дээш өргөж орилоход “Автожир” онгоцноос улаан дээлтэй бүсгүй нулимс дуслуулан гарч ирэх нь тэр. Өдөрлөгт оролцож буй хүмүүс ч тэднийг ажиж эхлэв. Хэзээ ч мартагдахгүй аз жаргалтай дурсамжийг бүтээсэн хором дэндүү сэтгэл догдлуулам байсан юм.
Дараагийн үйл ажиллагааны цаг болжээ. Параглейдингийн спортыг дэлгэрэнгүй танилцуулахад тэдний өмсөж зүүсэн хэрэгслүүд бидний харж байгаагаас ч чухал ач холбогдолтой болохыг мэдэв. Уг спортыг уулын далавчтай нислэг, онгоцноос далавчтай үсрэх, моторт шүхэр гэж ангилдаг байна. Уулын уруу гүйж далавчаа салхины хүчээр дээш хөөргөдөг. Харин онгоцноос далавчтай үсрэхийг мэргэжлийн тамирчид л хийдэг гэнэ. Моторт шүхрийн хувьд нисгэгчийн суудалны ард цахилгаан таваг мэт дугуй төмөр байх бөгөөд мотор, бензиний сав төмөр зэрэг байдаг учир харьцангуй хүнд боловч, өөрийн биеэр уул руу гарах шаардлагагүй байдгаараа давуу талтай аж.
Уг спортын чухал хэрэглэгдэхүүн болсон далавчийг агаар нэвтрүүлдэггүй нийлэг материалаар хийдэг. Далавчийг Монголд хийдэггүй бөгөөд ихэвчлэн Өмнөд Солонгос, Герман, Япон зэрэг улсаас захиалж авдаг аж. Далавчны хэлбэр нь бага зэрэг дугуй бөгөөд далавчны урд талын цонхнуудаар нэвтрэх агаарын даралт болон далавчны гадна талаар урсах агаарын аэродинамик хүч зэргээр тодорхойлогдоно. Далавчны доороос зүүлттэй утсаар нисгэгчийн суудлыг тогтоодог утасны нэг нь л гэхэд 50-75 килограммыг даах чадалтай. Харин суудал нь удаан хугацаагаар нисэх нөхцөлийг хангах үүднээс маш тустай хийгдсэн аж. Мотортой биш ч 1-2 цагийн дотор хэдэн арван километрийг туулах чадвартай юм байна. Манай тамирчид бусад орны тамирчидтай энэ зэрэгцэж чадахгүй байгаа шалтгаана нь цаг агаарын эрс тэс нөхцөлөөс болж тогтмол бэлтгэл хийх боломжгүй байдаг гэнэ. Гэсэн ч тамирчид спортоо орхилгүй холын зайн уралдаан, цэг онож буух тэмцээн, акорбатик үзүүлбэр гэсэн гурван төрлийн тэмцээнүүдэд дэлхийн тамирчидтай өрсөлдөж, чадвараа ахиулахын тулд оролцдог аж. Тухайлбал, цэг онож буух уралдаан манай улсад цөөнгүй болдог бөгөөд энэ төрлөөр хичээллэдэг тамирчдын 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ.
Таван төрлийн түвшиний далавч байдаг. Тэдгээрийг A, B, C, D, CCC гэж ангилдаг. Шат ахих тусам далавчны өргөний хэмжээ нарийсдаг аж. Уг спортоор хичээллэх гэж буй болон зорчигчтой нислэг хийж үзэх сонирхолтой хүмүүс 105 кг-аас доош жинтэй, жирэмсэн, сэтгэцийн эм дэлдмэл уудаг бол шууд хорьдог гэлээ. Танилцуулгын дараа газрын бэлтгэл хийх сонирхолтой хүмүүсийг ойролцоох уул руу дагуулж суудал, шүхэр зэрэг хэрэгслүүдийг өмсөж анхан шатны мэдэгдэхүүнтэй болоход туслав. Залуучууд ч үүнд дуртай байгаа нь илт.
П.БОЛД: ОНГОЦНЫ НИСГЭГЧ БОЛОХ МӨРӨӨДЛӨӨ ПАРАГЛАЙДИНГААР ОРЛУУЛСАН
Бид уг спорттой бие сэтгэлээ холбосон Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн гишүүн, Параглайдингийн сургалтын төвийн багш П.Болдтой ярилцав. Тэрбээр онгоцны нисгэгч болох мөрөөдөлдөө хүрч чадаагүй ч нисэх сонирхлоо орхилгүй өдийг хүрчээ.
-Параглайдингийн сургалтыг олон нийтэд таниулж, зааж сургаж байгаад тань талархаж байна. Та хэзээнээс Параглайдингийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Би 2013 онд зорчигчтой нислэгээр нисэж үзсэн. Тэр үеэс хойш уг спортоор хичээллэхээр зориг шулуудсан юм. Өөрийнхөө хүслийг биелүүлж, сонирхолтой зүйлээ хийх хамгийн сайхан. Тиймдээ ч өөр өөр газарт нисч, шинэ содон зүйлс харж, нисэх техникээ сайжруулдаг. Жишээлбэл, Богд уулын Арцад, Нүхтийн ам, Баянзүрх хайрхан, Цонжин болдог зэрэг өндөр уултай, газардахад чөлөөтэй талбай руу явдаг.
-Зорчигчтой нислэгээр нисч үзээд уг спортод татагджээ. Багшаар заалгасан уу?
-Миний багш бол ном. Мөн хамт нисч байгаа нисгэгч нар юм уу даа. Тэмцээн уралдаанд оролцох үед сурах зүйл их гарч ирдэг. Жишээ нь, Турк Улсад уг спортоор мэргэшсэн багш нар цөөнгүй байдаг. Шинэ зүйл мэдэх зорилгоор сургалтад сууж далавчаа мэдрэх, далай дээр нисч, далавчаа нураах гэх мэт маш чухал техникүүдийг Туркт заалгасан. Уг нь шүхрээр нисэх энэхүү спорт нь Монгол Улсад 1997 оноос эхтэй ч хэсэг хугацаанд уналтад ороод эргэн сэргэж байна.
-Таны хувьд яагаад заавал энэ спортод дурлах болов?
-Хүүхэд байхаасаа онгоцны нисгэгч болохыг хүсч, мөрөөдөж байсан. Гэвч зорилгодоо хүрч чадаагүй тул энэхүү спортоор хорхойгоо дардаг болсон гэж хэлж болно. Тиймээс ажлаасаа гараад шүхрээ аваад нисэх болсон доо.
-Та нисэхийн тулд ажлаасаа гарсан гэж хэллээ. Эрсдэлтэй шийдвэр биш үү?
-Би бизнес удирдлагаар сурч, зочид буудлын үйлчилгээний чиглэлд марктингийн менежерээр ажилладаг байсан. Хамгийн сүүлд “Туушин” зочид буудлын маркетингийн албанд ажилласан. Олон жил компьютерын ард удаан сууж, бараг л буудлаасаа гарахгүй ажилласан маань хөдөлгөөний дутагдалд оруулж, нүднээс нулимс гардаг, хүзүү хөшөх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тиймээс ажлаасаа гарч шүхрээр хичээллэх цагаа нэмэгдүүлсэн. Энэхүү шийдвэр маань хувиараа бизнес эрхлэх сонирхлыг бодит болгож, Монголд тийм ч их байдаггүй шүхрийн спортыг эх орондоо нутагшуулах, мөн гадаад иргэдэд байгалийн үзэсгэлэнт газруудаа сурталчлах боломж олгосон шүү. Энэ мэт ажлын цагт уягдахгүй нисэх боломжтой үедээ нисч, бусад цагаар албан ажлаа хийх зэргээр өөрийгөө чөлөөтэй болгосон.
-Параглайдинг нь эрсдэлтэй спортын тоонд ордог. Олон жил мэргэжлийн багшгүйгээр хичээллэж байхдаа гэмтэж бэртэх тохиолдол гарсан уу?
-Ихэвчлэн өөрийн буруутай үйлдлээс болж гэмтдэг. Тодруулбал, БНСУ-д болсон холын зайн уралдаанд оролцож байхдаа мод ихтэй орчинд хэт нам газраас өндрөө авах гээд их удаан эргэлдлээ. Буух цэг нь жижиг байсан болохоор гол руу орохгүй, модонд шүхрээ урахгүй газардахын тулд сандарч, эрсдэлээс гарч чадалгүй салхиа буруу тооцоолсноос болж нуруугаараа газардаж гэмтсэн. Мөн туул голын эрэг дээр хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд шүхрээр буух гэж байгаад далавчаа буруу сонгож авчирснаас болж бэртэж байсан. Энэ мэт мэдэхгүй эсвэл хайнга хандсанаасаа болж бэртдэг.
-Танай гэр бүлийнхэн уг спортоор хичээллэхийг хэр их таашаадаг вэ?
-Мэдээж анх хичээллэж байх үед эсэргүүцэж байсан. Гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй л дээ. Манай гэр бүлийнхэн бараг л бүгдээрээ ниссэн. Дөрвөн настай хүү минь хүртэл надтай хамт ниссэн шүү. Гэрийнхэндээ шүхрээр нисэх мэдрэмжийг амсуулснаас хойш дэмжиж эхэлсэн дээ.
-Одоо хоёулаа танай сургалтын талаар уншигчдад мэдээлэл өгье. Сургалтыг анх хэн санаачлав?
-2014 оноос уг спортыг мэргэжлийн багш, зааварлагч, албан ёсны байгууллага байж зөв чиглэл рүү хөгжих боломжтой юм гэж үзээд багш дасгалжуулагч авчирч клубээ тус оны арваннэгдүгээр сард байгуулсан. 2004 оноос хичээллэсэн тамирчид болох н.Ариунбаатар, н.Чинбат зэрэг клубын удирдах зөвлөлийн гишүүдтэй хамтарч сургалтын хөтөлбөр баталж сургалт явуулж эхэлсэн юм.
-Сургалтанд явахаар сонирхож байгаа хүмүүс далавчаа өөрсдөө авчрах ёстой юу?
-Тусгай зориулалтын сургалтын далавчаар хичээллэж байгаад шат ахихад далавчаа шинэчилэх хэрэгтэй. Манай сургалтад сурч байгаа хүмүүс далавчаар дутдаггүй. Гэхдээ өөртөө таарсан далавч авчихвал сурахад амар байдаг. Мөн сонирхож буй хүмүүстээ хандаж хэлэхэд далавч сонгохдоо үнэтэй шүхэр авах шаардлагагүй туршлагагүйгээсээ болоод модонд урах, гэмтээх аюултай. Гэсэн ч хэтэрхий хямд далавч авчихвал аюулгүй байдал талдаа хангалтгүй байдаг. Боломж нөхцөлөөсөө хамаараад тохируулан авах хэрэгтэй.
-Анхан шатны сургалтыг хэр хугацаанд авч, дараагийн шат руугаа шилждэг вэ?
-Өмнө нь хэлж байсанчлан цаг агаарын байдлаас ихээхэн хамааралтай. Ер нь анхан шатны суралцагч жилд 30 цаг ниссэн байх ёстой гэдэг. Paragliding.mn сайт болон фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Дийлэх хүмүүс зорчигчтой нислэгээр нисч үзээд сурч эхлэх нь их. Би уг спортоор хичээллэж эхэлснээсээ хойш 1500 гаруй хүнийг нисгэсэн байна. Хүмүүс шат ахихад нислэгийн тоног төхөөрөмжөө авч чадаагүйгээсээ болж спортоо орхих нь цөөнгүй. Тэгэхээр дунд эргэм насны тогтсон ажил мэргэжилтэй, байр сууриа олсон хүмүүс сурснаар спортоо таслахгүй байж чадна.
-Таны хувьд уг спорттой өөрийгөө холбоод удаж байгаа юм байна. Эрүүл мэнд болоод дотоод зан чанарт ямар өөрчлөлт гарсан гэж ажиглагддаг вэ?
-Эрүүл мэнд талаас хөдөлгөөний дутагдалдлаас болсон өвчин эмгэгт өртөхгүй. Яагаад гэвэл далавчаа үүрээд уул өөд гарч байж нисдэг. Доод тал нь 100 метр өндөр уулнаас гүйж нисдэг. Мөн спортоор хичээллээд ирэхээр өөр бусад чухал биш зүйлдээ цаг гаргах нь багасдаг юм байна. Нэг ёсондоо муу зуршлаа хаяж, тэр цагаа спортод зардаг болдог. Түүнчлэн гэр бүл, ажил, спорт бүх зүйлд цагаа зөв төлөвлөж сурдаг. Миний хувьд нэг жилд хийх ажлаа төлөвлөөд гэртээ тавьчихсан. Хэрэв энэ спортоор хичээллээгүй байсан бол нисэх хүслээ биелүүлж чадаагүй байгаадаа одоо ч харамсаад сууж байгаа. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн хажуугаар бусад хүмүүст нисэхэд нь тусалж байгаагаараа бахархдаг шүү.