Ард иргэдийн дунд ямар нэгэн өвчин туссан үедээ эмчид хандалгүй, эмийг өөрсдөө дур мэдэн хэрэглэх, мөн тухайн эм бэлдмэлийн хэрэглэх зааврыг баримталдаггүй гэх мэт буруу дадал, заншил түгээмэл байна. Монгол Улсад нийт 5900 гаруй эм бүртгэснээс 14 хувь нь антибиотик буюу нянгийн эсрэг эм.
Манай улсын хувьд антибиотикийг жоргүйгээр олгож байсан эмийн сангийн тоо 2018 оны байдлаар 70 гаруй хувиас 40 хувь хүртэл буурчээ.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож буй эмэнд цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичилт, хэрэглээнд хяналт тавих, зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломж бүрдсэн байна. “Гэвч үндэсний хэмжээнд нянгийн тэсвэржилтийн тандалтын тогтолцоо бүрдээгүй. Зонхилон тохиолдох өвчний үед хэрэглэх антибиотик эмийн удирдамжийг өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулах хэрэгтэй” байгааг ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга н.Цэцэгсайхан дурдсан юм.
Манай улсын хувьд эмийг таван жилийн хугацаагаар бүртгэж, сунгадаг. Licemed гэх бүртгэлийн системд тухайн эмийн худалдааны нэр, олон улсын нэршил, тун хэмжээ, эмийн хэлбэр, үйлдвэрлэгч, олгох нөхцөл, эмийн зураг зэрэг иргэн танд зориулсан хэрэгтэй мэдээлэл багтсан байдаг. /Энд дарж дэлгэрэнгүй танилцаж болно/ Иргэн та дээрх санд нэвтэрснээр худалдан авах гэж байгаа эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахаас гадна улсын бүртгэлгүй эмийг мэдэх боломжтой.
Зайлшгүй эм хэрэглэх болсон үед эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй буюу тусламж шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэнэ. Харин эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмчээс асууж, эмийн сангаас авч хэрэглэх нь зүйтэй.
Ихэнх эмч ходоодны хүчлийн нөлөөгөөр идэвх нь сулардаг тул эмийг хоолны дараа уух хэрэгтэй. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой. Ихэнх эмийг буцалсан усаар даруулж уудаг.
Тогтмол цагт уух эмийг заасан хугацаанд нь уухгүй, мартах буюу өнжих тохиолдол байдаг. Энэ нь эмчилгээний үр дүнг бууруулж, улмаар эмийн дасал үүсгэдэг муу талтай.