Чингэлтэй дүүргийн IV хороо, 17 дугаар байрны 44 тоотод байрлах “Vanilla” ресторанд өнөөдөр өглөө 08:35 цагт гал гарчээ. Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 10 дугаар ангийн гуравдугаар салааны нэгдүгээр тасаг очих үед хаалга нь цоожтой байсан тул цагдаагийн зөвшөөрлөөр эвдэн ороход тухайн байгууллагын ажилтан 26 настай эрэгтэй заалны өрөөндөө унтаж байсныг авран хамгаалсан байна.
НОБГ-ын Гал түймрийн улсын хяналт, жижүүрийн байцаагч ахмад Ц.Идэрмөнх “Тухайн ажилтан гал гарсныг мэдээгүй байсан бөгөөд хаалга эвдэх чимээнээр сэрсэн. Тухайн иргэний хувьд шөнийн 03:00 цаг хүртэл ажиллаж, ажил дээрээ хоносон бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байгаа юм. Гал үүдний хэсэгт гарсан бөгөөд хэрвээ гал тархсан бол тухайн иргэн угаартан амь насаа алдах эрсдэл байсан. Гал гарсан шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа. Галыг унтраах үед ширээн дээр байсан ус буцалгагч, ширээний ам шатсан байсан” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд он гарснаар 1817 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдэж, 359 мэдээллээр хүрэлцэн очиж ажилласан байна. Дуудлага мэдээллийн ихэнх хувийг хогийн дуудлага эзэлдэг. Иргэд татсан тамхи, асаасан шүдэнз, үгс, нурмаа дутуу унтрааснаас траншейн, орон сууцны хогийн суваг, ил задгай хаясан хог шатах үндэслэл болдог.
Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дор бүрнээ ухамсартай байж, орчин тойрондоо галын аюулгүй байдлыг ханган ажиллаж, ил задгай, хур хог шатсан тохиолдолд аль болох өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан унтрааж аюулгүй болгохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.