Wall Street Journal сонины мэдээлснээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэг, эх ондоотой ах Ким Жон Нам нь АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлэгч байсан гэжээ. Ким Жон Нам 2017 онд Куала Лумпурын нисэх буудалд хордож амиа алдсан юм.
Сонинд бичсэнээр нэрээ нууцалсан этгээд энэ талаар мэдээлэл өгсөн байна. Ким Жон Нам нь Тагнуулын төв газартай тодорхойгүй байдлаар харилцаа холбоотой байсан гэж ярьжээ.
Үл таних эх сурвалж Ким Жон Намыг 2017 онд Тагнуулын төв газрын ажилтантай уулзах гэж Малайз улсад ирсэн хэмээн ярьсан байна. Тиймээс дан ганц аялах гэж Куала Лумпурт ирээгүй гэжээ. Нисэх буудалд Ким Жон Намыг хордуулсан хэрэгт Индонези, Вьетнамын иргэн хоёр эмэгтэйг буруутган баривчилсан ч тэднийг ойрын хугацаанд сулласан. Түүнийг хордуулсан VX шингэн хорыг хориотой химийн зэвсэгт тооцдог юм.
Уг мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хараахан баттай гэж үзэхгүй байгаа ч Бээжин дэх Вашингтон Пост сонины газрын дарга Анна Фифийлд “The Great Successor” номдоо “Ким Жон Нам Тагнуулын төв газрын мэдээлэгч болсон... Түүний дүү Америкийн тагнуулуудтай холбоо тогтоосныг нь урвалт гэж үзэж байсан юм. Гэвч Ким Жон Нам мэдээ хүлээн авагч нартай Сингапур, Малайз улсуудад уулзаж мэдээлэл дамжуулдаг байсан” хэмээн бичжээ.
Нууц эх сурвалжийн мэдээллийг нийтэлсэн Wall Street Journal-д “АНУ-д алба хаадаг байсан хэд хэдэн албан хаагч Умард Солонгост эрх мэдэлгүй, гадаад оронд амьдардаг байсан эцэг нэгт ах нь улсын дотоод үйл ажиллагааны нууц мэдээллийг дамжуулна гэдэг эргэлзээтэй гэж хэлсэн” хэмээн дурдсан байна.
АНУ-ын Тагнуулын төв газар энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ.
Зарим албаны хүмүүс Ким Жон Намыг гадны улс орнуудын аюулгүйн хүчнийхэнтэй холбоо харилцаа сайтай байсан гэж үздэг. Өмнөд Солонгос болон Америкийн эрх баригчид түүний аллагыг Пхеньянаас захиалсан хэмээн сэрдсээр ирсэн юм.
Эх сурвалж: www.theguardian.com