Ц.Даваасамбуу
Хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсаал Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт болж, сая гаруй хүн оролцжээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр, жагсаалд сая гаруй хүн оролцсон байна. Харин цагдаа нарын мэдэгдсэнээр, уг эсэргүүцлийн ажиллагаанд 240 мянга орчим хүн оролцсон аж. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар эсэргүүцэгчдийн дайралтыг намжаахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ.
“Нэг улс - Хоёр систем”-ийн дагуу БНХАУ-аас өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь тус улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй. Ийм гэрээ байгуулахыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа юм. Уг гэрээг байгуулснаар Хонконгийн дотоод хэрэгт тавих Бээжингийн хяналт нэмэгдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Үүнээс гадна, эрүүгийн болон авлигын гэмт хэрэгтнүүд төдийгүй хүний эрхийг хамгаалагчид өртөж магадгүй гэж болгоомжилж байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал Хонконгийн сэжигтэн, хэрэгтнийг эх газрын Хятад руу шилжүүлэх боломжтой болох юм. Ингэснээр БНХАУ-ын Коммунист намын эрх мэдэлд байгаа шүүх засаглал ялтнуудын асуудлыг шийднэ. Мөн Хонконгийн Либерал намын тэргүүн энэхүү хуулийн төсөл хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байна. Уг үйл явдалтай холбогдуулан Хонконгийн тэргүүн Карри Лам “Тухайн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй хууль эрх зүйг ямар ч байдлаар үгүйсгэх аргагүй.
Одоогийн байдлаар төв Засгийн газраас албан ёсоор эцэслэн Хэрэгтэн шилжүүлэн өгөх хуулийн төслийг батлаагүй байна” гэжээ. Их Британийн дарлалд 156 жилийн турш байсан Хонконг 1997 оны долдугаар сарын 1-нд албан ёсоор Хятад Улсын бүрэн дэмжлэгтэйгээр хараат бус болсноо зарласан юм. Үүнээс хойш Хонконг өөрийн Үндсэн хуулийнхаа дагуу шилжүүлгээс хойших 50 жилийн хугацаанд буюу доод тал нь 2047 он хүртэл Хятадаас хараат байдалтай байх ёстой гэсэн дүрмээр “Нэг улс-хоёр систем” бодлогыг мөрдөх болсон билээ. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцаж, нөгөө талаас хуулийн систем, цагдаагийн алба, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалыг бодлого зэрэг томоохон шийдвэр шаардсан үйл ажиллагаанд Хятад өөрийн төлөөлөгчөө оролцуулснаар энэ үйл ажиллагаа зохицуулагддаг.
ЭХ ГАЗРЫН БАЙР СУУРЬ
Хонконгт болсон жагсаалын талаар эх газрын Хятадад мэдээлээгүй бөгөөд зарим нийгмийн сүлжээг хааж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхийг хоригложээ. Тайван, Макаогийн хувьд хүчирхийлэл болон хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэнг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх хуулийг зөвшөөрч дагаж мөрддөг. Өнгөрсөн хоёрдугаар сард 19 настай хонконг эр 20 настай жирэмсэн найз бүсгүйнхээ амь насанд нь Тайваньд амарч байх үеэрээ халдсан хэрэг гарсан. Хэдийгээр хэрэг Тайваньд гарсан ч хэрэгтэн Хонконгийн иргэн учир асуудлыг шийдэхэд нэлээн хүндрэлтэй байсан юм. Хонконг дэлхийн 20 гаруй оронтой хэрэгтэн шилжүүлэн өгөх гэрээ байгуулсан ч БНХАУ-тай ийм төрлийн гэрээ байгуулахыг хонконгчууд эсэргүүцсээр ирсэн. Зарим мэдээллээр, Хонконгийн нутаг дэвсгэрт Хятадын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй 300 гаруй хүн нуугдаж байгаа аж. Иймээс Хятадын эрх баригчид тэднийг шилжүүлэн авах сонирхолтой байгаа юм байна. Ерөнхийдөө Хонконгт жилдээ нэг удаа эх газрын Хятадын Хонконгт баримталж буй бодлогыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал болдог.
эх сурвалж:
https://www.bbc.com/news/world-asia-china-48577907
https://edition.cnn.com/2019/06/10/asia/hong-kong-extradition-protest-intl-hnk/index.html